“COP26” бага хурлаар ямар үр дүнд хүрээд байна вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-04 13:48:08

ЛОНДОН. /BBC/. Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хуралд /COP26/ олон нийт бага найдлага тавьж байсан ч дэлхий дахин нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын төлөө зориг шулуудаж буйг харуулсан мэдэгдлүүд ажиглагчдыг гайхшруулаад байна.


“Бага хурлын уур амьсгал таатай байна. Нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх чиглэлд дорвитой алхмуудыг хэрэгжүүлэхээр боллоо. Харин энэхүү зорилтдоо хэзээ хүрэх, тэр цаг үед уур амьсгал ямар байх вэ гэсэн асуудал урган гарч ирж байна” гэж Европын Холбооны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээний ахлах асан Пит Бэттс хэллээ. Тэрбээр яагаад сэтгэл хангалуун байгааг дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн дараах мэдэгдлүүдээр тайлбарлах боломжтой юм.


Хөрөнгө мөнгө: Чинээлэг орнууд 2020 он гэхэд ядуу буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь 100 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх амлалтдаа хүрч чадаагүй. Гэхдээ Английн банкны дарга асан Марк Карни “цэвэр” технологийг хөхиүлэн дэмжихэд хувийн хөрөнгө оруулалтаас олон их наяд ам.долларыг зориулахыг зорьж байна. Тэрбээр 130 их наяд ам.доллар буюу дэлхийн хувийн хөрөнгийн 40 хувийг хянан зохицуулдаг 450 байгууллагыг нэгтгээд байгаа бөгөөд тэдгээр нь сэргээгдэх эрчим хүч тэргүүтэй нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэхэд тустай үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Харин шүүмжлэгчдийн хувьд санхүүгийн байгууллагуудыг чулуужсан түлшинд хөрөнгө оруулахыг зөвшөөрөх нь хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа ч энэ бол буурьтай, шинэлэг санал юм.


Ой мод: Дэлхийн 100 гаруй улс орон ойн хомсдолыг бууруулах амлалт өгч, үүнд 19.2 тэрбум ам.долларыг улсын болон хувийн сангаас зориулахаар болов. Хэдийгээр төстэй санаачилгуудыг урьд нь дэвшүүлж байсан ч энэ удаагийнх санхүүжилт өндөртэй байна.


Метаны хий: Дэлхийн дулааралд үзүүлэх нөлөөллөөрөө хоёрдугаарт бичигддэг метаны хийн ялгарлыг 2030 он гэхэд 30 хувиар бууруулахаар тохиролцлоо. Хэдийгээр ийм хийг хамгийн ихээр ялгаруулдаг Хятад, Орос, Энэтхэгийн хувьд энэхүү үүрэг амлалтад нэгдээгүй ч хожим эргэн харна гэдэгт найдаж байна.


Зах зээлийг бий болгох нь: Их Британиар ахлуулсан, Хятад, Энэтхэг, АНУ бүрэлдэхүүнд нь багтсан 40 орон шинэ технологийн зах зээлийг бий болгох стандарт, урамшуулал, дүрэм журмыг гаргахаар боллоо. Биеллээ олвол энэ нь үлэмж өөрчлөлтийг авчирна. Тухайлбал, түншүүд гангийн тодорхой хувийг нүүрс хэрэглэхгүйгээр үйлдвэрлэх хугацааг товлож болно. Ингэснээр хөрөнгө оруулагчдад шинэлэг технологийн зах зээл бий болох найдварыг төрүүлж, дэлхийн хэмжээнд “цэвэр” технологийн үнийг бууруулах боломжтой.


Цэвэр эрчим хүч: Өмнөд Африкийг нүүрсний хэрэглээнээсээ татгалзахад Франц, Герман, Их Британи, АНУ, ЕХ 8.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсноос харахад улс орнуудад цэвэр эрчим хүч рүү шилжихэд тусламж үзүүлэх нь шинэ жишиг болж магадгүй байна.


Энэтхэг: Ерөнхий сайд Нарендра Моди 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах эрмэлзэлтэй зорилтуудыг дэвшүүллээ. Зарим ажиглагчийн хувьд түүнийг 2070 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлаа тэглэхгүй байхаар төлөвлөж байгаад санаа зовниж байгаа ч тухайн үе гэхэд дэлхий хэмжээнд нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, Энэтхэг эдийн засгийн хувьд ийм алхмыг хийхээс өөр аргагүйд хүрэх хандлагатай байна.


Их Британид хэрэгжих дүрэм журам: Их Британийн томоохон фирм, санхүүгийн институциудын дийлэнхэд нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтод хэрхэн хүрэхээр төлөвлөж буйгаа танилцуулах шаардлага тавьж, төлөвлөгөөнүүдийг нь мэргэжилтнүүдийн ажлын хэсгээр шалгуулахаар болжээ.


Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд кампанит ажил өрнүүлдэг “Christian Aid” хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгч Кат Крамерийн хувьд, олон мэдэгдлээс нааштай хандлага ажиглагдаж байгааг онцлоод, “COP” бол зөвшилцлийн үйл явц учраас түүнд тулгуурлан хэрэгжих санаачилгууд маш чухал гэдгийг хэлэв.


Тийнхүү одоогийн байдлаар сайн үр дүнд хүрээд байна гэж хэлж болох юм. Гэхдээ олон нийтийн сэтгэл дундуур байгаа зүйлсийг ч мөн дурдах нь зүйтэй. Энэхүү уулзалтын үеэр Хятад улсыг 2030 он гэхэд хийн ялгарлаа дээд цэгт хүргэх зорилтоо ахиулна гэж найдаж байсан ч ийм мэдэгдэл гарсангүй. Гэхдээ тус улс нь бусад орнуудтай харьцуулахад ихэнх тохиолдолд өгсөн амлалтаа давуулан биелүүлдэг.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Дональд Трамп нарын хэн хэн нь улс орноо Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гаргаж байсан. Харин өчигдөр Виржини муж улсын захирагчийн сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигч сонгогдсон нь Д.Трамп улс төрд эргэн ирж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийг дахин орвонгоор нь эргүүлж болзошгүй гэх таамаглал гарахад хүргээд байна.


Цаашид хэлэлцээнд оролцогч талууд дүрэм журмыг цэгцлэх ярвигтай даалгавартай нүүр тулах бөгөөд ингэснээр улс орнууд харилцан бие биеийнхээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд итгэх нөхцөл бүрдэх юм. Мөн ядуу буурай орнуудад санхүүжилт дутмаг байгаа талаар хийгээд дэлхийн дулааралд дасан зохицоход шаардлагатай хөрөнгө мөнгөний талаар хэлэлцэх ёстой. Гэхдээ өмнөх бага хурлуудын жишгээс харахад сайн эхлэл тавигдлаа гэж үзэж байна. 


Энэхүү нийтлэлийг “BBC” телевизийн эрчим хүч, байгаль орчны шинжээч Рожер Харрабин бичжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 35 жилийн турш мэдээ мэдээлэл бэлтгэж буй тэрбээр анх 1992 онд Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон НҮБ-ын бага хурлын талаар сурвалжилж байжээ. 

相关新闻