Азийн ширээний теннисний холбооны Зөвлөлийн гишүүнээр анх удаа Монгол хүн сонгогдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн ширээний теннисний холбоо /ATTU/-ноос 2021-2023 онд ажиллах Удирдах зөвлөлийн гишүүдээ танилцуулсан бөгөөд анх удаа монгол хүн энэ албанд сонгогджээ.
АШТХ /ATTU/ нь 14 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Техникийн болон шүүгчдийн зөвлөлийн гишүүнд Э.Мөнхбилэг нэр дэвшин сонгогджээ. Ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг хэдхэн хоногийн өмнө Катар Улсын Доха хотноо зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан юм.
Тус тэмцээний үеэр Азийн ширээний теннисний холбооны ээлжит конгресс болж, шинэ удирдлагуудаа сонгох үеэр Э.Мөнхбилэг Азийн ширээний теннисний холбооны Техник болон Шүүгчдийн зөвлөлийн үндсэн гишүүн болжээ.
Ингэснээр анх удаа манай улсаас Ази тивд ширээний теннисний төлөөлөлтэй болж, Монголын ширээний теннисний цаашдын хөгжил, гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах боломж гарч байна.
Э.Мөнхбилэг сүүлийн 10
гаруй жилд тив дэлхийн 30 гаруй тэмцээнийг шүүсэн туршлагатай юм. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажиллаж байсан
билээ.