Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө 5:0-ээр ялж шөвгийн наймд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо 6 дахь өдрөө үргэлжилж байна.
ОУХМ Г.Ган-Эрдэнэ урд
шөнө 48 кг-ын жинд шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5:0-ээр илүүрхэн
ялснаар шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай 11 дүгээр сарын 2-ны орой
тулалдахаар болов.
Харин 63,5 кг-д ОУХМ Б.Мишээлт
Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Өнөөдрийн
байдлаар манай баг тамирчдаас 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар эхний шатанд Казахстаны
Серик Темиржановт 5:0-ээр, 51 кг-д ОУХМ Х.Энхмандах Азербайжаны Масуд Юсифзадад
4:1-ээр тус тус ялагдсан. Мөн 60 кг-д 2 дугаар тойрогт О.Тулга Финландын Арслан
Хатаевтай тулалдаж ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
Харин 67 кг-д ОУХМ Б.Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5:0-ээр ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрбээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй 11 дүгээр сарын 1-ний орой тулалдана.
Мөн 54 кг-д Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Э.Баярсайхан Тайландын Утайда Патифаныг 5:0-ээр ялж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр шөвгийн 16-д Барбадосын Жабали Бридитэй өнөө /10.31/ орой тулалдана.
Харин 71 кг-д О.Бямба-Эрдэнэ
эхний шатанд Тайландын Порепат Еасундентэй тулалдан 4:1-ээр ялснаар шөвгийн
16-д шалгарлаа. Тэрбээр ОХУ-ын Вадим Мусаевтай өнөө шөнө
тулалдана.