Дэлхийн болон олимпын хошой аварга Лукаш Крпалек монгол жүдочидтой бэлтгэл хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чехийн жүдочин, дэлхийн болон олимпын хошой аварга Лукаш Крпалек энэ сарын 18-26-нд Монголд ирж, Улаанбаатар хот, Булган аймгийн жүдочид, залуу тамирчидтай хамтарсан бэлтгэл хийв.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Орхон, Булган, Архангай аймгийн Засаг дарга нар дэлхийн болон олимпын хошой аварга Лукаш Крпалекийг хүлээн авч уулзсан байна.
Лукаш Крпалекийн бэлтгэлийн талаар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Йиржи Бродский айлчлалын талаар хэлэхдээ: “Бид Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яам, Финэп компанийнхантай хамтран энэ бэлтгэлийг зохион байгуулахад удаан бэлтгэсэн бөгөөд цар тахлын бүх хязгаарлалтыг даван туулж хэрэгжүүлж чадсандаа баяртай байна. Монгол бол олон сайхан бөх, жүдочтой тулааны урлагийн орон бөгөөд энд Лукаш Крпалек Чехийн спортыг сурталчлах зорилгоор ирлээ. Хоёр орны хооронд бизнесийн боломжуудын шинэ үүдийг нээхэд Финеп Холдинг компанийн ТУЗ-ын гишүүн, БНЧУ-д суугаа Монгол Улсын өргөмжит консулыг Чех-Монголын худалдааны харилцаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгийн эзэн болсон Павел Райхертийн хамтаар бидэнд тусалсныг би хүндэтгэж байна” хэмээв.
Бэлтгэлийнхээ үеэр Лукаш Крпалек Эрдэнэт хотод Чех-Монголын харилцаанд томоохон хувь нэмэр оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулагч болох Чехийн Финеп компанийн дараагийн орон сууцны барилгыг эхлүүлэх ёслолд оролцов. Энэ үеэр Финеп компанийнхан Монголын томоохон компаниудын төлөөлөгчидтэй уулзан Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган аймгийн ложистик, барилгын салбарыг хөгжүүлэх томоохон төслийн талаар санал солилцсон байна. Мөн Финэп компани Булган аймагт 700 айлын орон сууц барих гэрээ байгуулжээ.
Финеп компани Эрдэнэт хотод монгол түнштэйгээ хамтран европ стандартын дагуу 1650 айлын орон сууц барих ажлыг хэрэгжүүлж тус хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа билээ.