“Өвөрхангай аймгийн түүх, өв соёл" эрдэм шинжилгээний хурал болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр
Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд “Өвөрхангай аймгийн
түүх, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Аймгийнхаа 90 жилийн түүхэн дэх ололт,
амжилтаа дүгнэж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар оновчтой санаачилга дэвшүүлэн
шийдэл гаргах зорилготой уг хуралд УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид, аймаг,
сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл танхимаар болон цахимаар
оролцож байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ
“Өвөрхангайн түүхийг ярихын тулд Түшээт хан аймаг, Сайн ноён хан аймаг, Монголын
төрт ёсны 7 нийслэлийн тухай ярих болно. Өвөрхангай аймгийн түүх бол монголчуудын өв соёлын түүхийн томоохон хэсэг юм. Тийм учраас түүхээ судалж,
сурталчилж, суралцах шаардлага байгаа. Бид өмнө нь 2004 онд “Өвөрхангай” гэсэн
эрдэм шинжилгээний хурал хийж байсан бол 2011 онд аймгийн 80 жилийн ойгоор хоёр
дахь хурлаа зохион байгуулж байсан. Энэ удаа 3 дахь хурлаа хийж байна” хэмээн
онцоллоо.
Аймгийн Засаг дарга А.Ишдорж
“Хэдийгээр “Ковид-19” цар тахлын улмаас түүхт ойгоо албан ёсоор
тэмдэглээгүй ч ойн
хүрээнд хийхээр төлөвлөсөн зарим ажлуудаа хойшлуулалгүй хэрэгжүүлж байна. Үүний нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм” гэдгийг хэлэв.


