"Үйлс-Алтай" ХХК улиралд 220 тонн цул мах бэлтгэх хүчин чадалтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тэргүүтэй орон нутгийн удирдлагууд Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй "Үйлс-Алтай" ХХК-ийн ажил, үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай танилцлаа.
"Үйлс-Алтай" ХХК нь 2017 оноос эхлэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түүхий эд бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ жилийн тухайд аравдугаар сарын 1-нээс 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд тус компани нь улиралд 220 тонн цул мах бэлтгэх хүчин чадалтай юм.
Одоогоор хонины ястай махыг 1 кг-ыг 7000 төгрөгөөр, ямааны ястай махыг 1 кг-ыг 6500 төгрөгөөр худалдан авч, 5 болон 20 кг-аар савлан ирэх хавар зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байгаа тухайгаа мөн үеэр онцлон танилцуулж байлаа. Орон нутгийн удирдлагууд компанийн үйл ажиллагаагаа улам сайжруулахыг хэлж, ажлын амжилт хүссэн юм.