Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" төсөл Дорноговьд эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" төслийн "Сая тонн-Сая мод" хөтөлбөрийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өрнүүлэх ажил эхэлж байна.
Албаныхан Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 416 км төмөр замын дагуу ойн зурвасыг байгуулах ажлыг 10 дугаар сарын 7-нд Зүүнбаян багт зохион байгууллаа.
Дорноговь аймгийн ЗДТГ-аас энэ онд "Ногоон Дорноговь" зорилтот хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулсан бөгөөд ногоон байгууламжийн хэмжээг 20 хувьд хүргэх зорилт тавьж, хөтөлбөрийн хүрээнд өрх бүр таван мод тарих аяныг өрнүүлэн 1853 өрх, 135 аж ахуйн нэгж байгууллага 39 га талбайд 80000 орчим мод тарьж ургуулаад байна.
Мөн “Ногоон Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд "Тохижилт-90",
"Сайншанд-60" аянаар иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин
нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Дорноговь төгөл”-ийг байгуулж, 10000 мод
суулгасан аж.
Мод тарих нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд
Н.Уртнасан, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай аймгийн Засаг дарга
О.Батжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн
албан хаагчид оролцсон юм.