Хэнтий аймагт цас их орсон нь сонгуулийн ирцэд сөргөөр нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-10 21:02:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн ирц 20.00 цагийн байдлаар 31.79-34.1 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв.


Тодруулбал, өглөө 7.00 цагаас хойш Хэнтий аймагт бүртгэлтэй санал өгөх 50 748 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 747 иргэнээс 10 641 буюу 31.79 хувь нь санал өгчээ. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 398 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9 036 сонгогч байгаагаас 26 508 буюу 34.1 хувь нь санал өгөөд байна.


СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, “Нөхөн сонгуулийн ирц хангалтгүй байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал, Хэнтий аймагт цас их орсноор жижиг автомашинтай хүмүүс хэсгийн хороондоо хүрч чадахгүй байна. Мөн өчигдөр болсон шуурганы үеэр мал нь уруудсан иргэд малдаа явсан зэргээр ирцэд нөлөөлсөн олон шалтгаан бий. СЕХ болон аймаг, нийслэл, дүүрэг зэрэг бүх шатны байгууллага сонгогчдын оролцоог нэмэх бүхий л боломжийг эрэлхийлж, тодорхой ажлыг зохион байгууллаа. 21.00 цагаас хойш иргэдийн идэвхи нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна” гэлээ.


Хэрэв ирц хүрэхгүй бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ-ноос 7 хоногийн дотор нэмэлт санал хураалт зохион байгуулах юм. Тухайн үед энэ сонгуулиар саналаа өгөөгүй иргэдийн саналыг авах юм.


Санал хураалт 22.00 цаг хүртэл дуусна. Үүний дараа СЕХ-ноос санал хураалтын дүнг нээлттэй танилцуулах юм.


Ташрамд дурдахад, СЕХ-ноос нөхөн сонгуулийн санал хураалтын ирцийг https://turnout.gec.gov.mn/ хаягаар шууд дамжуулан хүргэж байна.

相关新闻