Дэниел Крейг Холливудын Алдрын гудамжинд одтой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-08 15:29:03

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Дэлхийн дахинаа “James Bond” киноны домогт тагнуулчийн дүрээрээ алдаршсан жүжигчин Дэниел Крейг Холливудын Алдрын гудамжинд өөрийн нэрэмжит одтой болсон 2704 дэх алдартан болжээ.


Түүний тоглосон “James Bond” цувралын сүүлчийн анги “No Time To Die” өнгөрсөн сарын сүүлээр Лондон хотноо албан ёсоор нээлтээ хийсэн билээ.


Алдарт жүжигчний одыг түүний бүтээсэн Их Британийн тагнуулын дүр болох “007” дугаарыг хүндэтгэж, Холливудын өргөн чөлөөний 7007 тоот байшин болон өмнө нь Жеймс Бондын дүрийг бүтээж байсан жүжигчин Рожер Мурын нэрэмжит одтой ойролцоо байрлуулжээ.


Английн жүжигчин Дэниел Крейг 2006 оноос хойш Жеймс Бондын дүрийг бүтээсэн бөгөөд “No Time To Die” анги нь түүний тоглосон тав дахь “007” буюу домогт тагнуулчийн дүр юм.


"Продюсер Майкл Уилсон, Барбара Брокколи нарт чин сэтгэлээсээ талархаж байна. Та наргүйгээр би өнөөдөр энд байхгүй байсан” гэж од хүлээн авах ёслолын үеэр Д.Крейг хэлжээ.


"Холливудын Алдрын гудамжинд одтой болох нь нэр төрийн хэрэг юм. Би өөрийгөө ингэж хэлээд зогсож байна гэж хэзээ ч бодож байгаагүй” хэмээн тэрбээр нэмж дурджээ.


Холливудын Алдрын гудамж Лос-Анжелес хотын зүүн хойд хэсэгт байдаг ба уг алдрын гудамжийг байгуулах санаа анх 1953 онд төрж, анхны одыг жүжигчин Престон Фостерт зориулан 1958 оны наймдугаар сарын 15-нд суурилуулж байжээ. 

相关新闻