Х.Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-06 08:46:59

ВАШИНГТОН. /Xinhua/. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн и-мэйл хаягаа албан хэрэгцээнд ашиглаж байсантай нь холбогдуулан Хиллари Клинтоныг шалгасан бөгөөд  түүнд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрлээ гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ мэдэгджээ.

И-мэйл-ийн дуулиантай холбогдуулан ХМТ-ны ажилтнууд тодруулга авсны дараа тус товчооны захирал Жеймс Коми өчигдөр мэдэгдэл хийсэн байна.

Коми хэлэхдээ “бид нууц мэдээлэл агуулсан 100 гаруй и-мэйл олсон. Эдгээрийн дунд “маш нууц” мэдээлэл агуулсан и-мэйл ч байгаа” гэсэн байна.

Мөн тэрбээр “гадныхан Х.Клинтоны и-мэйлүүдийг хакердсан байж болох юм” гэжээ.

Түүний хэлснээр, Х.Клинтон болон түүний хамтрагчид нууц мэдээллүүдэд туйлын хайхрамжгүй хандаж байжээ.

“Гэсэн хэдий ч тэд хуулийг санаатайгаар зөрчөөгүй. “Хууль зөрчин санаатай үйлдэл хийсэн гэх нотолгоо байхгүй учраас Х.Клинтонд хариуцлага тооцох шаардлагагүй” гэж ХМТ-ны захирал үзсэн байна.

Х.Клинтонд хэрэг үүсгэх эсэх талаарх эцсийн шийдвэрийг Хуульзүйн яам гаргах аж. АНУ-ын Ерөнхий прокурор, хатагтай Лоретта Линч өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ “би ХМТ-ны дүгнэлтийг хүлээн авах болно” гэж байсан билээ.

Г.Доржханд

 

 

相关新闻