ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах ҮОХ-дын төлөөлөлтэй цахимаар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-06 12:24:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Үндэсний олимпын хороо /ҮОХ/-дын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын талаар мэдээлэл солилцжээ.


Тус уулзалтад МҮОХ-г төлөөлж тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцов.


Коронавируст цар тахлын аюул холдох болоогүй энэ үед Токиогийн олимпод оролцсон шигээ нэгдмэл байж, эрсдэлийг даван гарах шаардлагатайг ноён Томас Бах уулзалтын үеэр онцоллоо. Мөн Зохион байгуулах хорооны дүрэм журмыг хүн бүр дагаж мөрдөх хэрэгтэйг сануулав. “Олимпын наадмыг эсэргүүцэх, бойкотлохыг уриалах гэх мэт улс төрийн зарим асуудал гарч байгаа ч гэсэн эцсийн эцэст тамирчдын эрх ашиг л зөрчигдөнө гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн ерөнхийлөгч Томас Бах хэлэв.



“Бээжин-2022” олимпын наадмын Зохион байгуулах хороо /ЗБХ/-ноос олимпын үеэр дагаж мөрдөх журмыг боловсруулаад буй. Энэхүү журамд тусгаснаар олимпын наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс вакцины бүрэн тундаа хамрагдсан бол 21 хоногийн карантинд орохгүй бөгөөд БНХАУ-д ирсэн даруйдаа хаалттай менежментийн системийн дагуу үйл ажиллагаанд оролцож болно.



Хаалттай менежментийн системийн цар хүрээ нь олимпын наадмын бүх газруудад буюу ирэх, буцах онгоцны буудал, тээврийн хэсэг, тамирчдын тосгон, тэмцээн уралдаан явагдах талбай болон нээлт, хаалтын ёслол зэргийг хамааруулна. Оролцогчид зөвхөн олимпын наадмын тусгай унаагаар үйлчлүүлэх бөгөөд зөвшөөрөгдсөн маршрутын дагуу л зорчих эрхтэй юм.


Түүнчлэн ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу дагалдах зочинд мандат олгохгүй, баг тамирчид тамирчдын тосгонд байрлах бөгөөд бусад оролцогчид ЗБХ-ны гэрээт зочид буудалд байрлана гэх мэтээр журамд тусгажээ. Олимпын наадмын үеэр дагаж мөрдөх нарийвчилсан журмыг 10 дугаар сарын 22-нд эцэслэн баталгаажуулж, ҮОХ-дод хүргүүлэх юм.

相关新闻