Монголын “Positive Gaming” дэлхийн шилдэг 10 багийн нэг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-05 13:13:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын “Positive Gaming” багийн залуус 1500 гаруй тоглолт хийж, 92 хувьд нь ялалт байгуулснаар дэлхийн шилдэг 10 багийн жагсаалтад багтжээ. Е-спортын дэлхийн шилдэг 10 багийн жагсаалтыг улирал бүр шинэчилж байдаг юм.


Тэд дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох зорилттой бөгөөд 2022 онд Ази тивийн томоохон тэмцээн бүрд оролцохоор бэлтгэл ажлаа эхлүүлжээ.


“Positive Gaming” баг 2021 оны 6 дугаар сард бэлтгэл хийхээр Турк улсын Истанбул хотыг зорьсон. Тэд өнгөрсөн 90 хоногийн хугацаанд Европын шилдэг багуудтай өрсөлдөж, шилдэг 10-т бичигдсэн төдийгүй тус багийн 3 тоглогч дэлхийн шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтжээ.


Багийн тоглодог “Mobile Legends” нь дэлхий дахинаа 100 сая гаруй тоглогчтой гар утасны тоглоом юм. Уг тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог бөгөөд энэ жилийн шагналын сан нь 3 тэрбум төгрөг аж.


Энэ багийнхан "Mobile Legends" тоглоомын Монголын шилдэг баг бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд дотоодын 7 тэмцээнд оролцож бүгдэд нь тэргүүн байр эзэлсэн. Ийнхүү тэд мобайл и-спортын төрлүүдээс хамгийн анх удаа гадаад улсад бэлтгэлийн байртай болсон байна.

相关新闻