Хилийн ангийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-09-30 14:38:33

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, О.Батжаргал тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хилийн ангийн удирдлагууд болон хилийн сумын Засаг дарга нартай цахим уулзалтад оролцлоо.

Уулзалтаар хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн энэ оны төлөвлөгөө, “Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, үүрэг чиглэл өгсөн байна.

Дорноговь аймаг Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн хот, Хатанбулаг сумаар Ханги мандлын боомт зэрэг стратегийн ач холбогдол бүхий боомтоор хиллэхээс гадна бусад хэд хэдэн сум өмнөд хөрштэй хил залгаа оршдог юм.

Тиймээс хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл нь хил дагуух сумдын үйл ажиллагаа хийгээд хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хил орчмын нутаг дэвсгэрт гарсан гэмт хэрэг зөрчлийг арилгах, хилчдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байна. 

相关新闻