Лүн сумын өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Лүн сумын өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн нөхцөл байдлын талаар тус сумын Засаг дарга С.Даваахүүгээс тодрууллаа.
-Лүн сумын өвөлжилтийн бэлтгэл ажил хэр шатандаа явж байна
вэ?
-Лүн сум нь 3 багтай, 740 гаруй өрхийн 2500 гаруй иргэн оршин
суудаг. Энэ жилийн хувьд отроор нутаглах хүсэлтэй иргэд байхгүй байна. Зуншлага
сайхан болж ургамлын гарц сайн, өвсний өндөр 30-50 см өндөр ургаж, малчид
суурин газраасаа хадлангаа бэлтгэх боломж бүрдсэн. Гэвч бид тайвширч болохгүй,
өвлийн улиралд зуд болохгүй гэх баталгаа байхгүй тул бид бүхэн өвс,
тэжээлийн нөөц бэлтгэх бодлогыг барьж ажиллаж байна. Байгалийн хадланд зохион
байгуулалттайгаар гараагүй ч иргэн болоод айл өрх бүр хашаандаа өвс тэжээлээ
бүрэн бэлтгэсэн байдалтай байна. Лүн сумын суурин айлуудын цэвэр ус, бохирын
нэгдмэл асуудал 90 хувьтай шийдэгдсэн. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар
өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байгааг тогтоосон.
-Сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлж чадсан уу?
-Мал аж ахуй, газар тариалан хоёр харилцан бие биенээ нөхөх
ёстой байдаг. Лүн сумын хувьд газар тариалан эзэмшсэн бүс бүхий 4200 га газар байдаг.
Үүнээс идэвхтэй тариалалт хийдэг 2000 га газар бий. Энэ жилийн хувьд хөрсийг
сэлгэж 800 орчим га газарт ногоон тэжээл, рабс зэргийг тариалсан. Сумын
ЗДТГ-аас тариаланчдаас 1 га газрын тариалалтаас 1 боодол өвсийг сумын аюулгүйн
нөөцөд хандивлахыг хүссэн. Уг хүсэлтийг тариаланчид зөвшөөрсөн тул сумын
аюулгүйн нөөцөд 800 боодол өвс байна гэж тооцож байна.
Мөн ЗДТГ-ын нэмэлт дансанд ИТХ-аар батлуулсан 23 сая төгрөг байршиж
байснаас 20 гаруй тн тэжээл авсан байна. Үлдэгдэл санхүүжилтээр тэжээл, өвс
нөөцлөх бодолтой байна.
-“Ковид-19” цар тахлын нөхцөл байдал Лүн суманд хэр байна вэ?
-Энэ оны 5 дугаар сарын 30-нд анх Лүн суманд батлагдаж
байсан. Түүнээс хойш нийт батлагдсан тохиолдол 346 болсон байна. Сүүлийн
өдрүүдэд нэмэгдээгүй бөгөөд одоогоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа
танхимаар хэвийн хичээллэж байна.

