Ховд аймагт 8800 гаруй ахмад настан бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан eсдүгээр сарын 28-нд Ахмадын холбооны тэргүүлэгч, хяналтын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд "Ахмадын өдөр"-ийг угтан зохион байгуулж буй зарим ажлын талаар ярилцаж, санал солилцов. Энэ үеэр ахмад настны аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор “Ахмадаа ачилъя” дэд хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлнэ гэж албаныхан хэллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд ахмад
настан хөдөлмөр эрхлэх таатай боломж бий болгох, баталгаатай орлоготой
байх, нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх орчинг бүрдүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил,
олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог идэвхжүүлэх замаар хүний амьдралын чанарыг сайжруулахыг
зорьж буй.
Ховд аймгийн хэмжээнд одоогоор 8800 гаруй ахмад настан бий. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд "Ахмадын өдөр"
тохиодог. Энэ жил Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож
байгаа учраас зарим үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж байна.
Ховд аймгийн тухайд "Ахмадын өдөр"-ийг
угтаж “Өв уламжлалаа өвлүүлье” уртын дууны цахим уралдаан зохион байгуулж
байгаагаараа онцлогтой.