Монгол Улсын баг цахим гүйлтийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг эхний шатанд гуравдугаар байрт шалгарч, хагас шигшээд өрсөх болжээ.
Тус тэмцээний эхний шат энэ сарын 21-26-нд болсон бөгөөд Монгол Улсын баг 700 хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй юм.
Тэмцээн гурван үе шаттай бөгөөд хоёрдугаар шат ирэх сарын 28-наас аравдугаар сарын 3-нд, сүүлийн шат аравдугаар сарын 5-10-нд болно. Уг тэмцээнд оролцоход төлбөргүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүмүүс “Running World Cup” аппликейшнд бүртгүүлсэн байх шаардлагатай аж. Харин тэмцээний үеэр гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшны аль нэгийг хэрэглэж, гүйлтээ баталгаажуулах аж. Тэмцээнд оролцогч нь 3 км зайг дээд тал нь 30 минутад туулсан байх шаардлагатай. Энэ анх удаа гүйж буй хүн ч биелүүлэх боломжтой үзүүлэлт хэмээн үздэг тул оролцогчид найз нөхөд, гэр бүлийн хамт 3 км, 6 км, 9 км цаашлаад өөрсдийн нөөц боломжоос шалтгаалан 21 км, 30 км, 42 км зайд гүйдэг аж.
Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд оролцсоноор Vitality Running World Cup зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэх юм. Өөрөөр хэлбэл, тэмцээнд оролцсон хүн бүр 3 км гүйх тутамд 1 ширхэг хүүхдийн вакцин НҮБ-ын Хүүхдийн Санд хандивлах аж.
Энэ жилийн Монгол Улсын багийн албан ёсны зохион байгуулагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel ажиллах бөгөөд багийн ахлагчаар тус сувгийг үүсгэн байгуулагч У.Ганзориг шалгарсан байна. Багийн ахлагчийн гол үүрэг тус тэмцээнийг тухайн улс орондоо сурталчлан таниулах, улсынхаа багт аль болох олон гүйгчийг уриалан оролцуулах сурталчилгааны ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажээ. Тиймээс энэхүү цахим уралдаанд улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалан "Team Mongolia Run As One Nation" буюу "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!" уриалга дэвшүүлэн оролцож байгаа юм.
Ташрамд дурдахад, тус тэмцээнд Монгол улс анх удаа 2020 онд оролцож 18 дугаар байрт шалгарч байжээ.