“Оролцоо” төсөлд 44 залуу хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалтыг амжилттай явуулж байна.
Энэхүү төслийн сургалтад Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 96 залуу бүртгүүлснээс 44 нь мэдлэгээ баяжуулж, туршлага хуримтлуулан, ажлын байртай болох зорилгоор энэ сарын 18-нд Улаанбаатар хотыг зорилоо.
“Оролцоо” төсөлд хамрагдах залуучуудыг тус аймгийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Д.Баттайван болон албаны хүмүүс үдэн гаргаж, амжилт хүссэн юм. Тэдгээр залуус Улаанбаатар хотод 14 хоног сургалтад хамрагдсаны дараа сертификат, 500 мянган төгрөгийн тэтгэлэг өгөх ба улмаар дахин 14 хоногийн дадлага хийлгээд 500 мянган төгрөгийн тэтгэлэг өгч ажлын байртай болгох ажээ. Төсөлд хамрагдсан залуучуудыг үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн менторшип хөтөлбөрт хамруулах тухай холбогдох албанаас мэдээлэв.
Ташрамд, Менторшип гэдэг нь өндөр амжилт гаргасан, ажил, амьдралын туршлага, мэдлэг, чадвар арвин хувь хүмүүс өөр бусад туршлага багатай нэгэнд хандаж мэргэжлийн хувьд чиглүүлэгч, үлгэр дуурайл үзүүлэгч мөн зөвлөгчийн үүргийг хувийн болон мэргэжлийн ойр дөт харилцаа холбоог бий болгох замаар гүйцэтгэж байгаа үйл явц юм.