Европт хамгийн халуун зун болж өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БРЮССЕЛЬ. /DW/.
Европын Холбооны /ЕХ/ Коперникийн нэрэмжит Уур амьсгалын өөрчлөлт судлалын газар Европт энэ онд
хамгийн халуун зун болж өнгөрснийг тогтоожээ.
Дэлхий дахин уур
амьсгалын өөрчлөлтийн хамгийн аюултай үр дагавруудаас урьдчилан сэргийлэх боломжит хугацаа дуусаж буйг уур амьсгал судлалын эрдэмтнүүд анхааруулах болоод буй үед ийнхүү хамгийн халуун зун тохиосон байна.
Уур амьсгалын
өөрчлөлт судлалын газар юу гэж мэдээлэв?
Коперникийн нэрэмжит
Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын тогтоосноор, Европт энэ оны 6-8 дугаар сард
агаарын дундаж температур 1991-2020 оны дунджаас ойролцоогоор нэг хэмээр өндөр
байжээ.
Ингэснээр тус
байгууллагын 1950 оноос хойших мэдээллийн санд бүртгэгдсэн хамгийн халуун зуны
улирал болжээ. Түүнээс Итали, Грек, Турк, Испани зэрэг Газар дундын тэнгисийн
орнуудад агаарын температур нэлээд өссөн байна.
Тухайлбал,
Италийн Сицили арал дээр наймдугаар сард цельсийн 48.8 хэмд хүрч халсан нь
Европын хэмжээнд бүртгэгдсэн хамгийн өндөр хэм болсон юм.
Уур амьсгалын
өөрчлөлт судлалын газрын мэдээлснээр, Зүүн Европт наймдугаар сард агаарын
температур дундаж хэмээс өндөр байсан бол Хойд Европт ерөнхийдөө дунджаас доогуур
байжээ.
Европ уур
амьсгалын эрс үзэгдлүүдэд нэрвэгдэх болоод байна
Энэ зун Европт уур амьсгалын эрс үзэгдэл олон удаа нүүрлэсний дараа энэхүү тайлан гарч байна. Тодруулбал, ойн түймэр хэт халсан Итали, Грек, Турк, Испаниас гадна Франц, Португал, ОХУ-д ч мөн дэгдсэн юм.
Үүнээс гадна Герман, Бельги зэрэг Европын хэд хэдэн оронд сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй үерийн гамшиг нүүрлэж, нийт 242 хүний амь насыг авч оджээ. Эрдэмтдийн хувьд ийнхүү эрс үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж буйг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна.
Мөн саяхан
танилцуулсан өөр нэгэн судалгаагаар Испани, Францын хооронд орших Пиренейн
уулсын мөсөн голууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ойрын хэдэн арван жилд мөс
бүхий хэсэгхэн газар болж ширгэж болзошгүй байгааг тогтоожээ.
НҮБ-ын Уур амьсгалын
өөрчлөлтийн асуудлаарх бага хурал /COP26/ Шотландад 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын
12-нд болно. Энэхүү хурлын үеэр дэлхийн удирдагчид дэлхийн дулааралтай тэмцэх
чиглэлд гаргах ахиц дэвшлийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.