Бразилын Ерөнхийлөгчийг дэмжигчдийн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-08 12:14:02

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /RT/. Бразилын Засгийн газрыг дэмжигчид мягмар гарагт Сан-Паулу мужийн нийслэлд жагсжээ. Жагсаалд 125 мянга орчим хүн оролцсон гэж бүс нутгийн олон нийтийн аюулгүй байдлын газраас мэдээлсэн байна.


Бразилын төрийн тэргүүн Жаир Болсонаруг дэмжигчдийн жагсаалтай зэрэгцэн тус улсын сөрөг хүчнийхэн мөн жагсаал хийжээ. Урьдчилсан мэдээллээр, жагсаалд 15 мянга гаруй хүн оролцсон байна. Жагсаалын үеэр 4000 орчим цагдаа эмх журам сахиулж, муж даяар 27 мянга гаруй хууль сахиулагч үүрэг гүйцэтгэжээ.


Эсэргүүцлийн жагсаалууд ерөнхийдөө тайван болж, онц ноцтой зөрчил бүртгэгдээгүй байна. Халаасны хулгай хийсэн хэргээр хоёр хүнийг саатуулсан бол хоёр хүн хүйтэн зэвсэг, пиротехник авч орохыг завджээ. Хууль бусаар хөөргөсөн дрон унасны улмаас нэг хүн гэмтсэн байна.


Харин Засгийн газрыг дэмжигчдийн жагсаалыг зохион байгуулагчид 2-3 сая хүн оролцсон мэдэгджээ.


Үндэсний баяр болох Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Болсонаруг дэмжигчид Бразилын томоохон хотуудад олныг хамарсан жагсаал зохион байгуулсан байна. Бразилын Ерөнхийлөгч нийслэл Бразилиа болон тус улсын томоохон хот болох Сан-Паулуд болсон жагсаалд оролцжээ. Сүүлийн үед Болсонару болон хууль тогтоох, шүүх эрх мэдлийн төлөөлөгч нарын хооронд зөрчил эрс хурцадсан байна. 


Бразилын Ерөнхийлөгчийн шаардсаны дагуу тус улсын парламент одоогийн цахимаар санал өгөх системийг шинэчлэхээс татгалзсан, мөн худал мэдээлэл тараасан гэх томоохон хэргээр түүний эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн нь Болсонаругийн дэмжигчид жагсаал зохион байгуулах шалтгаан болжээ.


相关新闻