АНУ, ХБНГУ Афганистаны асуудлаар сайд нарын түвшинд цахим уулзалт зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. АНУ, ХБНГУ ирэх долоо хоногт Афганистаны асуудлаар сайд нарын түвшинд олон улсын уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Тэрбээр ням гарагт Доха хотод айлчилж, Афганистанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд туслалцаа үзүүлсэнд АНУ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэхээр Катарын удирдлагын төлөөлөгчидтэй уулзах аж. Үүнээс гадна, Доха руу нүүлгэн шилжүүлсэн Афганистаны дүрвэгчидтэй уулзах юм байна.
"Тэндээс би Герман дахь Рамштейн нисэх онгоцны баазыг зорино. Би мөн Германы Гадаад хэргийн сайд Хайко Маастой уулзахаар төлөвлөж байна. Бид Афганистаны асуудлаарх сайд нарын уулзалтыг биечлэн хийх бөгөөд дараа нь бусад түншүүдтэйгээ, тэр дундаа афганчуудыг тээвэрлэх, нүүлгэн шилжүүлэхэд туслалцаа үзүүлж, мөн талибуудыг хүлээсэн амлалтаа биелүүлэхэд нөлөөлсөн 20 гаруй улсын Гадаад хэргийн сайд нарыг оролцуулан цахим уулзалт зохион байгуулна" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.
Төрийн департаментын хэвлэлийн албанаас дараа нь мэдээлснээр, Блинкений айлчлал есдүгээр сарын 5-8-ны хооронд үргэлжлэх аж. Дохад тэрбээр Катарын эмир шейх Тамим бин Хамад Аль Тани, шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдель Рахман Аль Тани болон тус улсын удирдлагын бусад төлөөлөгчидтэй уулзана. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга есдүгээр сарын 8 -ны лхагва гарагт Германд хүрэлцэн очно.