Шинэ Каледони гэдэг улс шинээр байгуулагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-13 09:42:26

ПАРИС, 2025 оны долоодугаар сарын 13 /DW/. Шинэ Каледони олтриг тусдаа улс болох боловч Францаас бүрмөсөн салж, тусгаар тогтнохгүй. Баасан гарагт Францын нийслэл Парисын хаяа хот Буживальд болсон хэлэлцээнд оролцогчид ийм шийдэлд хүрчээ.


Францын Ерөнхий сайд Франсуа Байру энэхүү тохиролцоог “түүхэн шийдвэр” гэж нэрлэсэн байна. Les Nouvelles Caledoniennes сонинд мэдээлснээр, тус бүлэг арлын иргэд Францын иргэншлээс гадна Шинэ Каледонийн иргэний харьяалалтай болох, шинээр байгуулагдах улс гадаад бодлогоо бие даан явуулах боломжийг олгох зэрэг асуудлыг дээрх хэлэлцээрт тусгажээ. Шинээр улс байгуулах асуудлыг одоо Шинэ Каледонийн иргэдийн санал асуулга ба Францын парламентад болох санал хураалтаар эцэслэн шийдвэрлэнэ.


Өнгөрсөн 2024 оны хавар Шинэ Каледонид эмх замбараагүй байдал дэгдэж, Парисаас санал болгосон "сонгуулийн тогтолцооны шинэчлэл"-ийг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд болжээ. Учир нь, уг саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тус хойгийн 270 мянган хүн амын 40 хувийг бүрдүүлдэг уугуул иргэд болох канакуудын нөлөө буурах байжээ. Харин энэхүү олтригт 10-аас дээш жил амьдарсан францчууд сонгуулийн эрхтэй болох байв.


Францчууд 1853 онд Шинэ Каледонийг өөрийн захиргаанд оруулсан бөгөөд 1946 онд энэхүү колонийн бүлэг аралд “Францын далайн чанад дахь газар нутаг” гэдэг статусыг олгосон байна. Шинэ Каледони бол никель олборлолтоор дэлхийд гуравдугаарт ордог боловч сүүлийн жилүүдэд тус салбар хямралд орсноор таван оршин суугч тутмын нэг нь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай байна.

 

 

 

相关新闻