Украины зүүн нутгийн байдлыг зохицуулах хэлэлцээний шинэ хэлбэрийг санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Донбассын байдлыг зохицуулах асуудлаар Ерөнхийлөгч нарын түвшинд хийх хэлэлцээнд оролцохыг санал болгожээ.
Энэ тухай тэрбээр лхагва гарагт Цагаан ордонд Ж.Байдентай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө мэдээлсэн байна.
Ж.Байдентай Украины зүүн нутаг болон Крымийн хойгийг ОХУ эзэлсэнтэй холбоотой аюулгүй байдлын асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
“Донбассын тухайд би Ерөнхийлөгч нарын түвшинд шинэ хэлбэрээр хэлэлцээ хийх санал тавьсан. Энэ бол АНУ-ын хувьд шинэ санал юм. Тэд ямар хэлбэрийг сонгохоо бодож үзнэ. Энэ бол "Норманд" -аас өөр хэлэлцээний шинэ хэлбэр юм” гэж тэрбээр хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д ажлын айлчлал хийж буй юм. Украин, АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт лхагва гарагт болсон бөгөөд хоёр цаг орчим үргэлжилжээ.