Украин, АНУ “Умардын урсгал-2” төслийн талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /RT/. Киев, Вашингтон “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг эсэргүүцэж байгаа бөгөөд Европын эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзэж байна. Энэ талаар Украин, АНУ-ын стратегийн түншлэлийн талаарх хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Хамтарсан мэдэгдлийг АНУ-д ажлын айлчлал хийж буй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн цахим хуудаст нийтэлсэн байна. Тэрбээр өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм.
Украины "дамжин өнгөрөх үүргийг" АНУ хэвээр үлдээж, "эрчим хүчний шилжилтийн энэ үед хангамжийн аюулгүй байдлыг" хангахын зэрэгцээ гол замуудыг "геополитикийн зэвсэг болгон" ашиглахаас урьдчилан сэргийлэхээр төлөвлөж байна. Үүний тулд Вашингтон эрчим хүчний дипломат ажиллагааны янз бүрийн арга, хэрэгслийг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэж мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд мөн "төрөлжүүлсэн эх сурвалжаас Украинд байгалийн хий нийлүүлэх чадавхыг нэмэгдүүлэх ажлыг Украин, АНУ-ын Засгийн газар дэмжиж байна" гэжээ.
Түүнчлэн Киев, Вашингтон “компанийн засаглалын шинэчлэлээр бэхжсэн тогтвортой, үр дүнтэй, урт хугацааны шийдлийн бодлогоор дамжуулан" Украины эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж онцлон тэмдэглэсэн байна.
“Умардын урсгал-2” бол Оросоос Герман руу жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хоолой юм. Уг хоолойг байгалийн шингэрүүлсэн хийгээ Европын Холбооны орнуудад сурталчлах сонирхолтой АНУ, мөн энэхүү төслийг улс төрийн гэж нэрлэдэг Украин, Польш улсууд идэвхтэй эсэргүүцдэг. АНУ-ын засаг захиргаа хэрэгжүүлэхэд нь саад учруулахын тулд дөрвөн ч удаа хориг арга хэмжээ авсан боловч хий дамжуулах хоолой тавих ажил эцсийн шатандаа оржээ.
Берлин, Вашингтон энэ зун хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд төслийг хэрэгжүүлэхийн тулд 2024 оноос хойш Украинаар дамжин өнгөрөх тээврийг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Герман мөн "хэрэв Кремль эрчим хүчний экспортыг зэвсэг болгон ашиглавал" Орост хориг арга хэмжээ авах үүрэг хүлээсэн байна.
Үүний зэрэгцээ Москва нөхцөл байдлыг улстөржүүлэхээ болихыг удаа дараа шаардаж, хий дамжуулах хоолой нь зөвхөн Орос улсад төдийгүй Европын Холбоонд ашигтай гэж мэдэгджээ.