Дизель түлшний үнийг 200 төгрөгөөр бууруулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-01 18:17:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогийн байдлаар А-80 бензин 2170-2220 төгрөг, А-92 бензин 2250 төгрөг, дизeль түлш 2400 төгрөгийн ханштай байна. Сүүлийн үeд бeнзин шатахууны үнэ нэмэгдсэн тул үнэ ханшийг бууруулах талаар орон нутгийн удирдлагууд, иргэд санал хүсэлт гаргаж байсан.

Тодруулбал, наймдугаар сард Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Ховд аймагт ажиллах үеэр ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт уламжилсан юм. 

Ингэснээр шатахууны үнийг Ховд аймаг тодорхой хэмжээгээр бууруулах боломж байгаа тухай албаныхан танилцуулсан ба энэ асуудал шийдэгдэж eсдүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дизель түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр бууруулахаар боллоо. 

Д.Басбиш захиралтай “Оюу мандал” ХХК шатахуун импортлох, худалдан борлуулах “тусгай зөвшөөрөл”-тэй. Тус компани сард 200-500 тонн шатахуун тээвэрлэн оруулж ирдэг аж.

Өнөөдөр Ховд аймагт 2400 төгрөгөөр худалдаж буй дизель түлшний үнэ ханшийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 200 хүртэлх төгрөгөөр бууруулж, 2200 болгохоор ярилцаж, шийдэлд хүрчээ.

Бусад компани, аж ахуйн нэгжид шатахуун (дизель түлш)-ы үнийг “Оюу мандал” ХХК-ийн адил дээрх хэмжээгээр бууруулж ажиллах үүргийг албан бичгээр өгсөн гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Ховд аймгийн хэмжээнд Петровис, Тэс петролиум, Хөрс зэрэг компаниудын 50 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий.


相关新闻