МАН-ын нэр дэвшигчид мэдээлэл хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн МАН хэвлэлийн хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд аймгийн МАН-ын дарга, УИХ-ын сонгуулийн 9дүгээр тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Л.Элдэв-Очир, 7 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Г.Занданшатар, 8 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан М.Билэгт нар болон аймгийн МАН-ын дэд дарга Г.Батжаргал, аймгийн ИТХ-д нэр дэвшигчид оролцсон байна.
Аймгийн МАН-ын дарга, УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Л.Элдэв-Очир хэлэхдээ, "Хонгор нутгийн зон олон маань МАН-ыг эргэлзэлгүй дэмжиж, итгэл хүлээлгэлээ. Бидний өмнө маш их үүрэг хариуцлага ногдож байна. Өнөө маргаашгүй хийж эхлэх олон ажил байгаа. Өрсөлдөгч намууд маань ч бидний ажиллах боломж бололцоог олгоно гэж найдаж байна" гэсэн бол 7 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Г.Занданшатар "Итгэж, дэмжсэн бүх иргэд, ухуулагч, шадар туслахууддаа баярлаж байна" гээд цаашид улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ хэлсэн. Харин 8 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан М.Билэгт "Манай аймгаас УИХ-д нэг намын гурван суудал авна гэдэг бол том ажлын эхлэл. Нутаг орон маань хөгжин цэцэглэж, ард иргэдийн ажилтай, орлоготой байх бүр боломж нөөцийг дайчлан ажиллана гээд надтай нэг тойрогт хүч үзсэн Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүүдээ олимпдоо амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг гаргаарай гэж захилаа.
Хэвлэлийн бага хурлын үеэр тэд сэтгүүлчдийн тавьсан асуултуудад хариулт өгсөн юм. "Баянхонгор ТВ"-ын сэтгүүлч Б.Дэлгэрсайхан "Өрсөлдөгч талаас тань таны ялалтыг царцааны нүүдэлтэй холбон сөрөг мэдээлэл цацаж байна. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ" гэх асуултыг Л.Элдэв-Очирт хаяглав. Л.Элдэв-Очир хэлэхдээ, "Сонгуулийн үеэр болон дараад нь ч сөрөг дайралтууд хийж байна. Гэвч үнэн хэзээд ялдагийг батлан би энд сууж байна. Царцааны нүүдэл гэж нэр томьёог энэ сонгуулиар АН гаргаж ирсэн. Энэ хорондоо харин өөрсдөө уначих шиг боллоо. Манай зүгээс Улаанбаатар хотоос ажилчдаа авчирч санал өгүүлсэн зүйл байхгүй ээ. Тиймээс шат шатны шүүх, цагдаагийн байгууллагад хүсэлт хүргүүлсэн байгаа. Үнэн мөнийг тогтоогоод өгөөч ээ, гаднаас ирж санал өгсөн гэх иргэд яг хэн хэн гэж иргэн, ямар алба хашдаг зэргээр нь хөөгөөд үзвэл хэний "царцаа" болох нь тодорхой болно" гэв.
"Өнөөгийн Баянхонгор" сонины эрхлэгч П.Санаадагвын "Сонгуулийн үеэр өөр ямар хүндрэлтэй асуудлууд гарав" гэсэн асуултад мөн тэрээр, "Сонгуулийн хуульд цаашид өөрчлөлт оруулахаар зүйлүүд бас ажиглагдлаа. Нэр хүндтэй хүмүүсийг сонгуулийн сурталчилгаандаа ажиллуулахдаа нутаг орноо муухай харагдуулах зүйлсийг гаргаж байгаад сэтгэл дундуур байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут суманд АН-ынхан ажиллахдаа нэр бүхий эрхмээр тухайн нутгийнхныг "Цус ойртсон, оюун сэтгэлгээний доголдолтой хүмүүс" гэх үгсийг "чулуудсан" нь эмзэглэм байлаа. Мөн улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргадаг тамирчдаараа энд тэнд бөхийлгөж тонгойлгож сурталчилгаа хийсэн нь зүй бус байсан" зэргийг дурдаж, цаашид хийх ажил календарчилсан төлөвлөгөө гэдэг шиг ажиллах олон шийдлүүд биднийг хүлээж байгаа. Цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх олон ажлаа нэн даруй эхлүүлнэ гэв.
Б.Мөнхзул