Хойлог шувууны байршил нутаг, тоо толгойн нарийвчилсан судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-20 15:13:54

Ховд /МОНЦАМЭ/. Алтайн хойлог шувуу нь тахианы баг, гургуулын овогт багтдаг.

Тус шувуу нь 30-40 см өндөр, 2.5-3 кг орчим жинтэй. Хөх бордуу зүстэй, зоо нуруундаа хар судалтай, элгэн биеэрээ цагаан толботой.

Сүргээрээ бэлчээрлэх бөгөөд 1-2 нь харуулд гарна. Хүн, амьтны бараа харагдмагц тэрхүү харуул нь исгэрэн дохио өгөх бөгөөд бусад нь сүргээрээ явгалан газрын өөд гүйж одно. Нисэхдээ муу, харин газрын өөд гүйж чаддаг гэж ажиглалт хийсэн судлаачид тэмдэглэжээ.

Монгол Алтайн нурууны төв хэсэг болох Мөнххайрхан уулын бүс нутагт Алтайн хойлог (Tetraogallus altaicus) харьцангуй элбэг тархацтай байсан нь саяхан.

Гэтэл хүний болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан сүүлийн жилүүдэд тархац нутаг нь хумигдан, тоо толгой нь эрс хомсдож буй.

 
                                   Мөнххайрханы байгалийн цогцолборт газарт Хойлог шувууг хамгаалахаар зорьж байна 

Алтайн хойлог шувууны байршил газар нутаг, тоо толгойн нарийвчилсан судалгаа явуулж, судалгааны дүнд үндэслэн хойлог шувуу агнах зөрчлийн эсрэг хамгаалалтын арга хэмжээ авах, хойлогны хонолого, үүрэнд хяналтын камер тавих ажлыг зохион байгуулах зорилгоор Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны хамт олон Дэлхийн байгаль хамгаалах сантай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллалаа.

Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын бүс нутгийн хэмжээнд явуулсан Хойлог шувууны байршил газар нутаг, тоо толгойн нарийвчилсан судалгааны 2020-2021 оны үр дүнгээр хойлогны хууль бус агнуурт өртөх хамгийн эрсдэлтэй бүс нутаг нь "Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэр" гэж тогтоогдсон байна.  

Улмаар хойлог шувууны 13 хоноглох цэгт байршуулсан 17 камерын найман камерт 20 тоо толгой хойлог шувуу бүртгэгдсэн. Мөн байгаль хамгаалагч нар камер байрлуулах, эргэх явцад дөрвөн цэгт 38 хойлог үзэж тэмдэглэжээ. Түүнчлэн энэ бүс нутагт амьдардаг иргэдээс авсан асуулга, судалгааны явцад дөрвөн цэгт 36 тоо толгой хойлог шувуу үзсэн гэх мэдээлэл байна. 

Ингэснээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын бүс нутагт давхардсан тоогоор нийт 94 орчим тоо толгой алтайн хойлог шувуу байгаа гэх судалгаа гарчээ.

Энэ жилийн хувьд 2020 онтой харьцуулахад буу үүрч ан агнах зорилготой иргэдийн тоо гурав дахин буурсан. Өөрөөр хэлбэл, 2020 онд буу үүрсэн 12 иргэн бүртгэгдсэн бол 2021 онд дөрвөн иргэн бүртгэгдсэн байна.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 10-20-ны өдрийн хооронд камер эргэхэд нэг ч хүн камерт ороогүй, хууль бусаар ан агнах зорилго агуулсан зөрчил гарсангүй. Энэ нь  камерын хяналт үр дүнтэй, камерт орохоос иргэд илт сэрэмжилдэг болохыг харуулж байна. 

Гэвч камер тавиагүй газруудад хойлог шувуунд хавх, урхи тавих шинэ төрлийн арга гарч ирсэн нь хяналт, судалгаагаар илэрч, хяналтыг сулруулахгүй байхыг сануулсан хэрэг боллоо гэж Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

 

相关新闻