Өмнөговь аймгийн 1009 хүүхэд вакцинжуулалтанд хамрагдаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 1009 хүүхэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаагүй байна.
Хичээлийн шинэ жил танхимаар эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулахад анхаарах шаардлагатай байна гэдгийг аймгийн ЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн төвөөс анхаарууллаа. Тус аймагт 12-17 насны хүүхдүүдийн вакцинд хамрагдалт 100 хувь гэсэн үзүүлэлт гарсан боловч үүнээс Өмнөговь аймгийн үндсэн харьяаллын хүүхдүүдийг авч үзвэл хамрагдалт төдийлэн хангалтгүй байгаа аж. Харьяаллын хүүхдүүдээс одоогоор 1009 хүүхэд вакцинд хамрагдаагүй байгаа бөгөөд 400 нь Даланзадгад сумын харьяат хүүхдүүд байна. Хүүхдийн дархлаажуулалтыг эцэг эхчүүдийн зөвшөөрлөөр хийж байгаа тул эцэг эхчүүдэд, хүүхдээ халдвараас хамгаалах, хүндрэл, хувилбарт вирусээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа.