"Шинжилгээний явуулын цэг"-ийг шинээр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-19 16:34:38

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үeд Ховд аймагт коронавирусний халдварын тархалт нэмэгдсэн тул "Шинжилгээний явуулын цэг"-ийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.

Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас шийдвэр гаргаж,  Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд чиглэл өгсөний дагуу “Шинжилгээний явуулын цэг”-ийг өдгөө “Хас банк”-ны урд талбайд байршуулжээ. Энд халдвартай иргэний ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар үнэ төлбөргүй шинжилгээ авах аж. Ингэхдээ өдөрт 100 иргэнээс түргэвчилсэн оношлуураар, 20 иргэнээс PCR шинжилгээ авах ба өдөр бүр 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Харин “Спортын ордон”-ы бага зааланд “Шуурхай штаб”-аас өгсөн нэрсийн дагуу коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээ авч байна. Шинжилгээ өгөх иргэд хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хамтран ажиллах шаардлагатай гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

相关新闻