"Спутник V”, “Moderna”- гийн вакцины хослол дархлааны хариу урвалыг нэмэгдүүлж байгааг судалгаа харуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Оросын "Спутник V" коронавирусний вакцины эхний тунг Америкийн “Moderna” компанийн вакцинтай хольж хэрэглэсний дараа дархлааны хариу урвал нэмэгдэж байгааг Аргентинд хийсэн судалгаа харуулжээ.
Энэ тухай Буэнос -Айресын Эрүүл мэндийн дэд сайд Даниел Ферранте мэдээлсэн байна.
Феррантегийн хэлснээр, Аргентинд 600 гаруй хүнийг оролцуулсан гурван судалгаа хийжээ. Эдгээр судалгааны хүрээнд судлаачид "Спутник V" вакциныг Англи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” болон Хятадын “Sinopharm” компанийн вакцинтай хольж туршсан байна. Судалгааг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгтэйгээр хийжээ.
"Спутника V" болон “Astrazeneca” компанийн вакцины хослолыг Оросын вакцины хоёр тунг хийлгэсний дараах үр дүнтэй харьцуулахад дархлааны хувьд "мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна". “Харин "Спутник V" -г “Moderna”-гийн вакцинтай холиход дархлааны хариу урвал илүү хүчтэй байсан учир илүү их нөлөө үзүүлсэн" гэж Ферранте хэлсэн байна.
Феррантегийн хэлснээр “Спутник V”-г “Sinopharm”-ийн вакцинтай хольж хийсэн туршилтын судалгааны үр дүнд хийж буй дүн шинжилгээ хараахан дуусаагүй байгаа аж.
Судалгааны явцад өвчтөн эмнэлэгт хүргэгдсэн болон ноцтой гаж нөлөө үзүүлсэн тохиолдол гараагүй гэж Аргентины Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Аргентин нь Орос, Беларусийн дараа “Спутник V” вакциныг хэрэглэж эхэлсэн дэлхийн гурав дахь улс болжээ. Тус улсын зохицуулагч байгууллага Оросын вакциныг хэрэглэх зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 23 -нд олгосон бөгөөд 12 дугаар сарын 29 -нд эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулж эхэлсэн байна.