МАН "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар цэцэд хандана гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Хууль, эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн нар 19:30 минутын үед Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд, “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын ард түмэн эзэмшиж, баялгийнхаа жинхэнэ эзэн нь байх ёстой. Уг асуудлыг Засгийн газар УИХ-д мэдэгдэж, хэлэлцүүлснээр шийдэх ёстой атал АН-ын дарга нь хүртэл өөгшүүлж Монголын ард түмэнд өмч нь ирлээ хэмээн мэдэгдэж байгааг МАН-ын сонгуулийн штабаас хүчтэй эсэргүүцэж байна. МАН энэхүү асуудлаар Үндсэн хуулийн цэцэд сонгуулийн дараа хандана. Мөн санал хураах байранд саналын хуудсыг хангалттай хүргээгүйгээс Архангай, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн иргэд саналаа өгөх эрхээ эдэлж чадахгүй байна. Үүссэн нөхцөл байдал нь сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй” гэв.
МАН-ын Хууль зүйн газрын дарга Д.Мөрөн, “Сонгуулийн Ерөнхий хороо саналын хуудас хүрэхгүй байгаатай холбогдуулж тогтоол гаргасан байна. Тогтоол нь саналын хуудсыг хувилж, дутсан газрын сонгогчдоор санал өгүүлж, зөөврийн хайрцганд хийж тоолно гэсэн утгатай. Сонгуулийн тухай хуулинд ийм заалт тусаагүй. Түүнчлэн тус хуулийг ноцтой зөрчиж буй үйлдэл цөөнгүй байна. УИХ-ын 11 дүгээр тойрогт нэр дэвшигч О.Амгаланбаатарын менежер н.Эрдэнэбилэг энэ сарын 26-ны өдөр бусдад мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Үүгээр зогсохгүй өнөөдөр сонгогчдод 10 мянган төгрөг тараасан байна. Үүнийг шударга иргэд баримтжуулсаныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Д.Ганбатын менежер н.Цэндсүрэн мөн сонгогчдод мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсаныг шалгаж байна.
Үүний зэрэгцээ УИХ-ын 72 дугаар тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, 75 дугаар тойрогт нэр дэвшигч О.Цолмон нар бие даасан нэвтрүүлэгт орсон. Тэр байтугай АН-ын дарга З.Энхболд өнөөдөр санал өгөх үеэр телевизээр Эрдэнэтийн асуудлыг ярьсан нь хууль зөрчсөн үйлдэл юм" хэмээн мэдээлэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал