Д.Батбилэг: Орон нутгийнхаа малын тэжээлийн ургамал, хадлангийн хэрэгцээг 100 хувь дотооддоо хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэгтэй тус аймагт хэрэгжиж буй “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслийн талаар ярилцлаа.
-Аймгийн Засаг даргын 2020-2024 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн онцлог давуу тал юу вэ, тодорхой танилцуулбал?
-Аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар Говь-Алтай аймгийг аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох 4 төсөл арга хэмжээний нэг “Газар тариалан, жимс жимсгэнэ” арга хэмжээ юм. Өнөөдөр аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 45 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн зөвхөн 0,5 хувийг газар тариалангийн үйлдвэрлэл эзэлж байгаа тооцоо судалгаа бий.
Тиймээс орон нутгийнхаа газар тариалангийн салбарыг хөгжүүлж, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгон, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг бодитойгоор дэмжих зорилготойгоор энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
-Мэдээж энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан байдлаар тооцоо судалгаа хийсэн байх. Яагаад заавал энэ салбарыг тэр тусмаа жимс, жимсгэнэ төслийг хэрэгжүүлэхээр шийдэв. Ач холбогдлыг нь хэрхэн харж байгаа вэ?
-Манай аймаг 1980-1990 онд 14 сум 2 тэжээлийн аж ахуй 2 хоршоололд нийтдээ 5547 га эргэлтийн талбайтай инжнерийн хийц бүхий 17 услалтын систем, энгийн усалгаатай 600 га талбайд тариалалт хийж, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр аймгийн дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний тариалангийн үйлдвэрлэлийг эрхэлж байсан баялаг түүхтэй.
Мөн Монгол орны газар тариалангийн салбарын үүсэл хөгжил Говь-Алтай аймгаас эхлэлтэй гэж эрдэмтэн судлаачид үздэг. Тодруулбал, Чингис хаан Алтайн нурууны өвөр талд “Гүзээн тээл” хэмээх нэртэй газар тариалан эрхлэх шийдвэр гаргаж байсан нь одоогийн Жаргалан сумын Тээл багийн нутагт тогтоогдсон байна.
Сүүлийн жилүүдэд иргэд, малчид байгаль цаг уурын нөхцөл байдлаас хамааран зундаа хур бороо бага, өвөл цас их хэмжээгээр унаж байгаагаас мал маллах, өсгөж үржүүлэх, үр шимийг нь хүртэхэд ихээхэн хүндрэлтэй болж, малаас авах ашиг шим нь багасахын хэрээр, олсон орлогынхоо ихэнх хувийг нь өндөр үнэтэй өвс тэжээл худалдан авахад зориулж байна.
Иймд бид иргэд, малчин түмнийхээ амьдралын чанарыг сайжруулах зорилгоор мал аж ахуйгаас гадна газар тариалан эрхэлж өрхийн орлогоо бодитойгоор нэмэгдүүлэх, ган зудын эрсдэлийг даван туулах чадвартай аймаг болох бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
-Энэ жилийн тухайд төсөл арга хэмжээнд зориулж хэчнээн төгрөг төсөвлөв. Энэ хавар ямар ажлууд хэрэгжүүлсэн бэ?
-2021 онд аймгийн ОНХС-аас “Газар тариалан жимс жимсгэнэ” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр хоёр тэрбум төгрөгийг аймгийн ИТХ-аас баталж өгсөн.
Энэ оны хувьд “Газар тариалан жимс жимсгэнэ” арга хэмжээг хэрэгжүүлэхдээ зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлан энэ салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг ТЭЗҮ боловсруулах багыг сонгон шалгаруулж хамтран ажиллаж байна. Зөвлөх багийнхантайгаа хамтран суурь судалгаа хийх, хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд сумдаараа тойрон газар нутгийн онцлог, байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан аль суманд ямар чиглэлийн тариалалт хийх хэрэгцээ шаардлагаа тодорхойлж санал солилцон тариалан эрхлэгчдэдээ арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан.
Төсөвлөгдсөн 2 тэрбум төгрөгийг нийт 12 багц ажилд хуваарилан худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Эхний ээлжинд хамгаалалтын ойн зурвас байгуулах 6 төрлийн 11.6 мянга ширхэг модны суулгац, жимс жимсгэний 7 төрлийн 47.8 мянга гаруй суулгацыг худалдан авч нийт 60.0 орчим мянган мод бут суулгах ажлыг сумдад зохион байгууллаа.
Мөн 9.4 км жимс жимсгэний талбай, 23 км үр тариа, ногоон тэжээлийн ургамалын талбай хашиж хамгаалах ажлыг шинээр хийлээ. Энэхүү салбарын нэг гол анхаарах асуудал нь усалгаа байдаг. Үүнтэй холбоотойгоор зарим сумын нэн шаардлагатай байгаа услалтын системүүдийг сэргээн засварлах лайдах, шинээр худаг гарах, усалгааны асуудлыг шинэлэг байдлаар дуслын услалтын системээр шийдвэрлэж байна.
Мөн аймгийнхаа гол нэрийн бүтээгдэхүүн болох арвай, үр тариа тэжээлийн ургамал, овьёос тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор үрийн дэмжлэг үзүүлэх, тариалан эрхлэгчдийн ажлыг хөнгөвчлөх, шинэ техник тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд Беларусь улс Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд экспортын зээлийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Трактор, хөдөө аж ахуйн техник нийлүүлэх” төслийн хүрээнд 18 нэр төрлийн иж бүрэн тоног төхөөрөмж авахаар саналаа хүргүүлээд байна.
Иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг үндэслэн жилийн аль ч улиралд ашиглах боломжтой нарийн ногоо тариалах хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээр Бигэр, Тайшир суманд хүлэмжийн цогцолбор буюу Агропаркийг байгуулах ажлыг эхлүүллээ. Цогт суманд Бүгд Найрамдах Турк улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-ийн хөрөнгө оруулалтаар зуны 5 хүлэмжийг хүлээлгэн өгч, нийт аймгийн хэмжээнд 4500 гаруй мкв талбайд хүнсний нарийн ногоо тариалаад байна.
-Газар тариалангийн ажлыг хүмүүс төмс, хүнсний ногоо төдийхнөөр төсөөлдөг. Говь-Алтай аймгийн тухайд алим, жимс жимсгэнэ давхар тариалж буйгаараа онцлогтой. Төслийн үр дүнд орон нутгийнхаа жимс жимсгэний хэрэгцээний хэдэн хувийг хангах боломжтой вэ?
-Алим, жимс жимсгэнэ нэг жилийн дотор үр дүн нь гарч ургацаа өгдөг зүйл биш л дээ. 3-4 жил болж байж үр өгөөжөө өгч эхэлдэг, энэ хугацаанд асар их хөдөлмөр, тэвчээр шаардагддаг учир маш сайн арчилж, хамгаалж, хөдөлмөрлөж чадсанаараа тухайн иргэн, өрх бүр орлогоо бодитойгоор нэмэгдүүлэх боломж нөхцөл бүрдэж, цаашдаа үр хүүхэдэдээ ч өвлүүлж болох нэгэн төрлийн хөрөнгө бий болж байгаа юм.
Энэ жилийн хувьд алим, жимсний тариалалтыг дулааны баланс өндөртэй сумдад тухайлбал: Шарга, Бигэр, Чандмань сумын Хүрхрээ, Цогт сумын Баянтоорой тосгон, Халиун зэрэг суманд түлхүү тариалсан. Бусад суманд үр тариа, ногоон тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо хүлэмжийн аж ахуйд тариалалт хийлээ.
“Газар тариалан, жимс жимсгэнэ” арга хэмжээг хэрэгжүүлснээр аймгийнхаа хүнсний ногооны хэрэгцээний 50 хувь, малын тэжээлийн ургамал болон хадлангийн хэрэгцээгээ 100 хувь, жимс жимсгэний 20 хувь, хүлэмжийн аж ахуй нарийн ногооны хэрэгцээний 40-өөс доошгүй хувийг хангах бодит зорилтуудыг дэвшүүлээд байна.
-Аймгийн хэмжээнд хэчнээн иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Бүс нутгийн онцлогоос шалтгаалан ямар төрлийн тариалалтыг түлхүү хийдэг вэ?
-Газар тариалангийн ажил нь олон хүний хамтын хөдөлмөрөөр үр шимээ өгдөг учир энэхүү салбарын хөгжлийг хурдасгах, ахиц гаргахын тулд бид иргэдийг нэгдэн бүлэг, хоршоо, нөхөрлөл болж хамтарч ажиллахыг чиглэл болгож аймгийн ИТХ-аас тодорхой журмуудыг батлан хүргүүлээд байгаа. Энэ жил хэдийгээр цар тахалтай хүнд нөхцөлд байгаа хэдий ч Алтай нутгийн ажилсаг хөдөлмөрч иргэд маань хаврын тариалалтаа цаг алдалгүй хийж чадлаа, ганцхан Бигэр сумын жишээ гэхэд хоёр компани, хоёр нөхөрлөл, 33 иргэдийн бүлэг нийт 350 гаруй иргэн тарилалтын ажилд идэвхтэй оролцсон дүн мэдээтэй байгаа.
Иймд бид бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгон, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг бодитойгоор дэмжих зорилт тавин “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
-Ярилцсан танд баярлалаа.