"Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК ажилтнуудадаа дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Эрдэнэ сумын ажилтнуудадаа дэмжлэг үзүүллээ.
Тодруулбал, Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчээр хангагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хамт олон нэгдэн нэг өдрийн цалингаа хүмүүнлэгийн үйлст зориулсан байна.
Тус ТӨХК-ийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын цахилгааны байцаагч Б.Санжмятавт гэр, тус сумын эрчим хүчний салбарын ахлагч Д.Энх-Амгаланд эмчилгээний зардлыг шийдвэрлэж, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг албаны төлөөлөл гардуулан өгөв.
Нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа хэмээн холбогдох албанаас мэдээлсэн юм.