Орхон аймагт хавдар, дотор, сэтгэцийн эмч дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлаар нийт 19 асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, “Ач санах”, “Анхдагч”, “Багш”, “Эмч” зэрэг долоон дэд хөтөлбөр, өвөлжилтийн бэлтгэл байдал, ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэрэгжилт болон “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Үүнээс эхний өдөр долоон асуудлыг хэлэлцэж баталлаа.
“Эмч”
дэд хөтөлбөр нь эрүүл мэндийн
байгууллагын ажилтан, ажиллагсад болон эмч, сувилагчдын нийгмийн асуудал, эрүүл
мэнд, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн юм. Тус хөтөлбөрийг 2017 оноос
хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний дөрвөн жилийн үр дүнг дүгнэж, дараагийн дөрвөн жилд
хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа.
Орхон
аймагт төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 162 байгууллагад 1692 эмч, сувилагч,
ажилтан ажиллаж байна. Үүний 20.9 буюу 354 нь эмч, 24.8 хувь буюу 420 нь
сувилагч, тусгай, дунд мэргэжилтэн эзэлж байна. Түүнчлэн Орхон аймагт 10 мянган хүн амд ноогдох их эмчийн тоо 2020 онд
33.9 байгаа нь улсын дундаж түвшинд байна. Гэхдээ сувилагч, тусгай дунд
мэргэжилтний тоо улсын дунджаас доогуур байгаа тул сувилагчийн тоог
нэмэгдүүлэх шаардлага байгаа аж.
Мөн дотор, хавдар, ДОХ/БЗДХ, харшил, сэтгэц,
нярай, настан судлал, эмгэг судлалаар эмч, хавдар, хөнгөвчлөх, нүүр ам судлал,
мэс засал, харшил, сэтгэц, нярай, уламжлалтын чиглэлээр сувилагч бэлтгэх
шаардлагатай байгаа ажээ. Тиймээс эдгээр мэргэжилтнийг бэлтгэх, боловсон хүчний мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд “Эмч” дэд
хөтөлбөр хэрэгжинэ.
Өөрөөр
хэлбэл, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадвар, төлөвшил, ёс зүй, хандлагыг
нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангаж, тогтвортой ажиллах боломжийг
бүрдүүлэхийн тулд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталлаа.