Сэлэнгэ аймаг 9-р сарын 1 хүртэл ямар нэгэн ой, баяр наадам тэмдэглэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-01 10:42:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 9-р сарын 1 хүртэл ямар нэгэн ой, баяр наадам тэмдэглэхгүй гэдгээ өнөөдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаар эцэслэн баталлаа. Мөн бусад шийдвэрүүдийг тухайн цаг үед нь гаргана гэлээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог мэдээлэл хийлээ. Тэрээр:”-Бидэнд улсын Онцгой комиссоос үүрэг чиглэл ирсэн. Үүний дагуу аймгийн Онцгой комиссоос сумдын онцгой комисст мөн холбогдох үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Сумд өөрсдийн нөхцөлд тохируулан хэсэгчилсэн хөл хориог тогтоон ажиллаж байгаа.

Тухайлбал 72 цагийн хол хорио, мөн бусад арга хэмжээг удаа дараа авч байна. Нөгөө талаас зуны дэлгэр цаг болж байгаа учраас аялал зугаалга ихэсч, хүүхдүүдийн хөдөлгөөн маш их байна. Аймгийн зүгээс Сант, Баруунбүрэн зэрэг жижиг суманд түргэвчилсэн шинжилгээ авах кампанит ажлыг өрнүүлсэн. Харин Сүхбаатар, Мандал зэрэг том суманд хүн амын нягтрал ихтэй учраас хөрөнгө хүч нэлээд шаардлагатай. Иймээс энэ ажлыг хийхэд хүндрэлтэй. Аймгийн Онцгой комиссоос зохион байгуулаад халдваргүйжүүлэлтийг маш сайн хийж байгаа. Аль болох иргэд хувийн ариун цэврээ маш сайн сахиж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхгүй бол энэ өвчнийг даван туулахад маш хэцүү болоод байна. Хамтын хүчээр л цар тахлыг даван туулахад хүчин зүтгэх хэрэгтэй.

Сэлэнгэ аймгийн тухайд хөнгөн, шинж тэмдэг илрээгүй тохиолдлуудаа аль болох л эмчийн хяналт дор, эмнэлэгт ойртуулж байгаа. Нэг ч хүнийг гэрээр эмчлээгүй. Аймгийн хэмжээнд өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог ашиглаад өвдсөн иргэдээ эмчлэхээр зарим суманд ковидын тасаг нээсэн. 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн ЭМС-ын ажилтнуудын нөөцийн асуудал маш хүндэрч байна. Тэд маань үнэхээр туйлдаж байна. Үндсэндээ өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл ээлжинд орж, цэрэг, цагдаа, онцгой байдал гээд төрийн албан хаагчид маань ч цаг наргүй өвөлжин, хаваржин, зунжин ажиллаж байна. Аймгийн Онцгой комисс хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа ч тархалт, халдвар буурахгүй байна. Энэ байдал хүмүүсийн өөрийнх нь хувийн зохион байгуулалттай бас холбоотой ажиглагдаад байгаа.

Аймгийн зүгээс аль болох л гэрт нь байлгахгүйгээр эмнэлэгт эмчилж эдгэрүүлэх зорилтыг тавьж байгаа. Илэрч байгаа тохиолдлууд ихэвчлэн ойрын хавьтлууд байгаа ч шинж тэмдэг илэрсэн байдлаар иргэд өөрсдөө хандах байдлаар бас илэрч байна. Иймээс энэ өвчин таны дэргэд чинь дагаад явж байна шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймээс хувь хүнийхээ үүрэг хариуцлагыг л маш сайн хангах хэрэгтэй. Ариутгал, халдваргүйтгэл сайн хийж, амны хаалтаа тогтмол зүүх. Гараа угааж, зайгаа барь.    

Сэлэнгэ аймгийн хэмжээнд коронавирусний халдвар авсан нийт 1354 иргэний 79 нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс байгаа. Эдгээр иргэд хөнгөн тусч байгаа нь дархлаажуулалтын үр дүн юм” хэмээлээ. 

相关新闻