Цэцэг сумын аварга малчдын шагналыг гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг сум 300 орчим малчин өрх, 169 гаруй толгой малтай. Харин Цэцэг сумын Баян-Овоо баг 176 өрх, 706 хүн амтай.
Тус багийн малчин
өрхүүд уулын бүс нутаг, тэр дундаа Мянган угалзатын нуруу, Хөх бэлчир,
Нүцгэн, Агуйт, Хөндий, Өлзийт, Дайргат, Шивэрт, Ембүү зэрэг улсын болон орон
нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт мал маллаж байна.
Баян-Овоо багаас улсын
аварга малчин нэг, аймгийн Хошой аварга малчин хоёр тодорч байжээ. Тэгвэл энэ
жил Баян-Овоо багийн малчин Х.Хүдэрбатын гэр
бүл шинээр “Аймгийн
Хошой аварга малчин өрх” цол хүртэж, шагналаа гардан авлаа.
Баян-Овоо багийн малчин
Х.Хүдэрбат, гэргий А.Сонинбаяр
нар 25 жил мал маллаж байна. Тэд
2000 онд “Сумын
аварга малчин”,
2016 онд “Аймгийн аварга малчин” цол хүртсэн.
Улмаар энэ жил 1300 орчим мал тоолуулж, “Аймгийн хошой
аварга малчин” өрхөөр шалгарсан
тул Ховд аймгийн
ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын баг шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэжээ.
Аймгийн Хошой аварга малчин Х.Хүдэрбат хэлэхдээ: “Бид анх өрх тусгаарлахад хадам аав, ээж маань 67 толгой мал өгсөн. Мал маллахдаа
өвс, ургамал сайтай нутгаар отор нүүдэл хийж байна. Малынхаа үүлдэр угсааг сайжруулахын
тулд алтайн улаан ямаа болон Дорнод аймгийн илүү нугаламтай хуц авч, мал
сүрэгтээ нийлүүлдэг” гэв.
Харин А.Сонинбаяр бол үе
дамжсан малчин эмэгтэй. Бага наснаасаа эцэг эхийн хамтаар нэгдлийн мал маллаж, тэднийхээ туршлагаас суралцсан хэмээлээ.
Л.Галбадрах:
22 дахь жилдээ мал маллаж байна
Энэ жил Цэцэг сумын Баян-Овоо багийн малчин Л.Галбадрахын гэр бүл “Аймгийн аварга
малчин өрх”-өөр шалгарч, шагналаа гардан авлаа.
Цэцэг сумын Баян-Овоо
багийн малчин Л.Галбадрах, гэргий Ц.Мөнхцэцэг нар 1999 онд өрх тусгаарлахдаа
170 малтай байжээ. Тэр цаг үеэс эхлэн байгаль цаг агаарын төлөв, бэлчээрийн
даац, усан хангамжид тохируулан жилийн дөрвөн улиралд отор нүүдэл хийж, мал
сүргээ таван төрлөөр өсгөж байна.
Эднийх 2020 оны жилийн
эцсийн мал тооллогоор 1200 толгой мал тоолуулж, “Аймгийн аварга малчин”-аар
шалгарсан тул ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын баг, тэдний шагналыг гардуулан
өгч, баяр хүргэлээ.
Энэ үеэр малчин
Ц.Мөнхцэцэг “Мал дагавал ам тосдоно” гэх үгийг үргэлж санаж явдаг.
Малчин Ж.Лхагвадорж ямаан сүргийг түлхүү өсгөж байна
Цэцэг сумын Хажинга
багийн малчин Ж.Лхагвадорж наймдугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болжээ. Улмаар 1985 онд гэргий Д.Энхмаатай
өрх тусгаарлаж, 30
гаруй жил мал маллаж байна.
Тэрбээр 2012 онд “Сумын аварга малчин”-аар шалгарч байсан. Тэгвэл энэ жил гэр бүлийн хамтын хүч, хөдөлмөр зүтгэлээ орон
нутагтаа дахин үнэлүүлж, “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарч, шагналаа гардан авав.
Эднийх 850 гаруй толгой
малтай. Мал
сүргээ таван төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ ямаан сүргийг түлхүү үржүүлж, энэ
хавар 500 гаруй төл авчээ.
Мөн 2-3
айлыг малжуулж, залуу гэр бүлд мал маллах арга туршлагаасаа хуваалцаж байна.
Ховд аймгийн Цэцэг
сумын Хажинга багийн тухайд
144 өрх, 500 гаруй хүн амтай. Тэмээ болон ямаан сүргийн тоо толгойгоор аймагтаа
тэргүүлдэг баг юм. Хажинга багийн малчид 2020
оны жилийн эцсийн мал тооллогоор 36 мянган толгой мал тоолуулж, төл малаа 70-80
хувьтай
бойжуулжээ.
Тус багийн малчид Сутай
хайрхан уулын бүс нутаг,
Хажингын нуруугаар нутаглаж байна. Хажинга
багаас
“Улсын аварга малчин”-аар А.Амархүү, Н.Нохойхүү
нар шалгарч байжээ. Түүнчлэн
“Мөнгөн ботгоны эзэн” гэх шагналыг малчин А.Амархүү хүртэж байв. Мөн тус багаас аймгийн Хошой аварга малчин хоёр тодорч байжээ.
Малчин Ж.Лхагвадоржийн гэр бүл энэ жил Хажинга багийнхаа 11 дэх “Аймгийн аварга малчин өрх” болж байна.
Малчин
С.Хүрэлбаатарынх энэ жил 300 гаруй төл бойжуулжээ
Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн малчин
С.Хүрэлбаатар наймдугаар анги төгсөөд малчин болж, эцэг эхтэйгээ хамтран мал маллаж байв. Улмаар
1992 онд гэргий Д.Баяр-Угтахтай өрх тусгаарлан, 30 орчим жил мал маллаж байна.
Эднийх өдгөө “Барлагийн ам” гэх газар нутаглаж байгаа бөгөөд энэ жил 300 гаруй төл мал бойжуулжээ.
Малчин С.Хүрэлбаатар 2017 онд “Сумын аварга малчин” болж байсан бол энэ жил амжилтаа ахиулж “Аймгийн
аварга малчин” цол хүртлээ.
Цэцэг сумын Баянгол баг
130 өрх, 500 гаруй хүн амтай. Малчид нь өндөр уулын бүсээр нутаглаж байна. Тус багийн малчид 2020 оны жилийн эцсийн
мал тооллогоор 65 мянган толгой
мал
тоолуулжээ.
Малчин С.Хүрэлбаатарын гэр бүл Баянгол багийнхаа ес дэх “Аймгийн аварга
малчин өрх” гэдгээрээ онцлогтой.