Халдварын батлагдсан тохиолдол нийт 761 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-29 13:41:12

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 29-ний өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 47-гоор нэмэгдэж, нийт 761 боллоо. 

Тодруулбал, мэргэжлийн байгууллагууд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 501 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүнд Цэцэг суманд найм, Буянт болон Мөст сумаас хоёр, Алтай, Манхан суманд нэг иргэнээс халдвар илэрсэн байна. Түүнчлэн аймгийн төв буюу Жаргалант суманд 33 иргэнээс халдвар илэрчээ.

Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас ирүүлсэн мэдээгээр аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 138 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нэг иргэний биеийн байдал хүнд, 10 иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

Харин Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 44 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүндэвтэр дөрвөн иргэн байна.

Мөн Жаргалант суманд 73, Булган суманд 21 иргэн гэрээр эмчлүүлж байна. Ховд аймагт одоогоор нийт батлагдсан тохиолдлын 440 нь эдгэрчээ. 

Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1651, тусгаарлан ажиглах байранд 16, гэрийн тусгаарлалтад 1635, гэрийн ажиглалтад 347 иргэн байна.   

相关新闻