ОХУ-д хориг арга хэмжээ авах хувилбаруудыг бэлтгэхийг даалгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-25 11:17:08

БРЮССЕЛЬ. /TASS/. Бельгийн нийслэл Брюссель хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар холбооны ашиг сонирхолд нийцсэн сэдвээр ОХУ-тай яриа хэлэлцээ хийх боломжийг судлах, мөн ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээний хувилбаруудыг бэлтгэхийг ЕХ-ны гадаад бодлогын албанд үүрэг болголоо.


Энэ тухай ОХУ-тай өрнүүлэх харилцааны талаарх мэдэгдэлд дурджээ. ЕХ-ны удирдагчид ЕХ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах Герман, Францын санаачилгын талаар тохиролцож чадаагүй байна.


“ОХУ-ын цаашдын аливаа хор хөнөөлтэй үйл ажиллагаанд хатуу, уялдаа холбоотой хариу арга хэмжээ авах шаардлагатайг ЕХ-ны удирдагчид онцоллоо. Энэ зорилгоор хязгаарлалтын нэмэлт арга хэмжээ, түүний дотор эдийн засгийн арга хэмжээ авах боломжийг танилцуулахыг Европын Зөвлөлөөс Европын Комисс болон ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррельд уриалав" гэж баримт бичигт дурджээ.


Европын Зөвлөл мөн ЕХ-ны ашиг сонирхолд нийцсэн асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгаагаа цохон тэмдэглэсэн байна.


Үүнээс гадна, ЕХ-ны удирдагчид Минскийн гэрээг дагаж мөрдөхийг ОХУ-д дахин уриалаад "ОХУ дахь иргэний нийгэм, хүний ​​эрхийн байгууллагууд, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг” дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгджээ.


相关新闻