2017 оны төсвийг боловсруулахад саатал гарч болзошгүй байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг оруулаагүй байгааг шүүмжилж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэж батлахаар хуульд зааж өгсөн хэд хэдэн асуудал байдаг. Үүнд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл багтдаг. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, батлахад бэлэн болчихсон байхад УИХ-ын чуулган завсарласан. Гэтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөө, маргааш зарласан чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлахдаа энэ хуулийн төслийг оруулаагүй байна. Ингэснээр төсөвт байгууллагууд ирэх оны төсвийг боловсруулах боломжгүйд хүрч байна” гэлээ.
Мөн тэрбээр “Үүнээс гадна УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр хуульд заасан 2015 оны Төсвийн гүйцэтгэлийг Засгийн газар одоог хүртэл УИХ-д өргөн бариагүй байна. Энэ гүйцэтгэлийг баталснаар мөн ирэх оны төсвийг боловсруулах гол тулгуур болох юм. Өмнөх оны төсвөөс сургамж авч, залгамж чанараа хадгалж байж төсөв боловсруулдаг. Эдгээрээс шалтгаалаад төсөв боловсруулж, батлах нарийн шат дараа, цагалбар алдагдаж, хууль зөрчиж, цаашлаад төсөвгүй ч болж мэдэхээр байна” гэлээ.
Төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх оныхоо төсвийг боловсруулах хязгаар, гол шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож өгдөг. Төсөвт байгууллагуудын хувьд тухайн оныхоо долдугаар сард багтаан ирэх оны төсвөө боловсруулдаг. Харин төсвийн хүрээний мэдэгдэл, батлагдахгүй бол ирэх оны төсвөө боловсруулах боломжгүй болж, сааталд орж болзошгүй болжээ. Хэрэв өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан бол хуулийн хугацаандаа багтах боломжтой байсан гэдгийг Ч.Улаан гишүүн хэлж байв.
Н.Гантуяа