“Novavax” вакцины гурав дахь үе шатны туршилтынхаа дүнг танилцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/. Америкийн биотехнологийн “Novavax” компани коронавирусний вакциныхаа гуравдугаар үе шатны туршилтын дүнг ирэх долоо хоногт танилцуулах төлөвтэй байна гэж тус компанийн тэргүүн Стэнли Эрк пүрэв гарагт мэдэгджээ.
“АНУ-д 30 мянган
хүнийг оролцуулан явуулж буй гуравдугаар үе шатны туршилт дуусах шатандаа орж
байна. Тун удахгүй үр дүнгээ үзэх гэж буйгаа та бүхэнд дуулгахад таатай байна. Энэ талаарх мэдээллийг
ирэх долоо хоногт танилцуулна хэмээн найдаж байна” гэж С.Эрк хэлжээ.
Мөн АНУ-ын Өвчинд
хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга асан, доктор Роберт Редфилд “Novavax” компанид стратегийн зөвлөхөөр ажиллаж
эхэлснийг тэрбээр мэдээлсэн байна.
“Манай компани эмнэлзүйн туршилтдаа эхний оролцогчдоо хамруулж эхэлснээс хойш жил гаруйн хугацаа
өнгөрөөд байна. Түүнээс хойш 50 мянга гаруй хүнийг вакцинжуулахын төлөө бид
хичээнгүйлэн ажилласаар ирлээ” хэмээн “Novavax”-ийн тэргүүн ярьжээ.