Өвөрхангай аймаг Аллиэр мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг Франц улсын Аллиэр мужтай хамтын
ажиллагаа тогтоогоод 20 жил болж байна. Саяхан хоёр талын цахим уулзалт болж, цаашид хэрхэн хамтарч
ажиллах талаар санал
солилцлоо.
Уулзалтад Аллиэр мужийн Ерөнхий зөвлөлийн
Гадаад хамтын ажиллагааны ажилтан Вэроник Рүпэ, Аллиэр мужийн Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч, дэд дарга Жан Жак Розиэ, АПАУ нийгэмлэгийн тэргүүн Катэрин Бүшэ, гишүүн Мари Одил Дүтэх болон Өвөрхангай аймгийн Засаг дарга А.
Ишдорж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарын удирдлага, мэргэжилтнүүд оролцсон
бөгөөд Францын ГХЯ-ны дэмжлэгээр төслүүдээ цааш үргэлжүүлэх боломж
бүрдэж байгааг Аллиэрийн тал
дуулгав.
Мөн Аллиэр мужийн Бурбоны Урлаг, дизайны сургуулийн
багш, оюутнуудын санаачилгаар
Арвайхээр хотын тохижилт, төлөвлөлтөд анхаарах, тусгай бүлгийн 11 дүгээр
цэцэрлэгтэй хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, сувилгаанд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, дотуур байрны хүүхдүүдийн сурч
боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг тохижуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Хорин жилийн ойн хүрээнд АПАУ нийгэмлэгээс Арвайхээр суманд Аллиэрийн нэрэмжит гудамжийг бий
болгон тохижуулах, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт эхлүүлсэн ажлаа
өргөжүүлж, эх барих, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эрүүл зөв
хооллолт, газар тариалан, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах
төлөвлөгөөтэй байсан ч дэлхий нийтийг хамарсан коронавирусний халдварын улмаас төлөвлөсөн
ажлууд хойшлогдоод байгаа юм.