Х.Эрдэнэ-Од Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүний ажлыг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-05 09:39:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын Будапешт хотноо пүрэв гарагт /2021.06.03/ Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны хурал болж Х.Эрдэнэт-Од Удирдах зөвлөлийн гишүүний ажлаа албан ёсоор хүлээн авсан байна.


Энэ удаагийн хурал “Ковид-19” цар тахал гарснаас хойш буюу 2019 оноос хойш анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой байв. Тус гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний зохион байгуулалт, шүүгчдийн, сургалт дасгалжуулалтын талаар ярилцсан юм.



Энэ үеэр болсон нэг гол асуудал ОУЖБХ /IJF/-ны ерөнхийлөгчөөр Австри улсын иргэн Мариус Визер улиран сонгогдсон явдал байв. 2007 оноос эхлэн тус холбоог удирдах болсон тэрээр жүдо бөхийн спортыг шинэ түвшинд аваачиж хөгжүүлж, Дэлхийн спортын холбоодын дотроос IJF-ийг хамгийн алдартай холбоо болгосонд Мариус Визерийн нөлөө маш их юм.


Мөн хурлаар холбооны удирдах зөвлөлийн дарга болон удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, Монголын эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од тус зөвлөлийн гишүүнээр ажиллах батламжаа гарджээ.



ОУЖБХ-ны Удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй бөгөөд Х.Эрдэнэт-Од Дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай ийнхүү хамтран ажиллах юм.

 

Мөн тус хуралд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр Монгол улсаа төлөөлөн оролцож, саналаа өгч, тайлан сонссон юм байна.


ОУЖБХ-ноос зохион байгуулдаг энэ оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-нд Унгар улсын нийслэл Будапешт хотын "Ласло Папп"-ын нэрэмжит ордонд болох юм.


 

相关新闻