Хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал зодог тайллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Норжмоогийн Цэдэнбал их спортоос зодог тайлж буйгаа өчигдөр мэдэгдлээ.
Хөлбөмбөгчин Н.Цэдэнбал: "Өнөөдөр
эх үрс бүхэнд аз жаргал хүсэж, энэ хорвоод мэндэлсэндээ талархдаг өдөр. Миний
хувьд ч бас энэ биеийг минь төрүүлж өсгөсөн тэнгэрт заларч байгаа эмээ
өвөөдөө, хажууд минь үргэлж хамт байдаг хайрт ээждээ, их спортод өдий
зэрэгтэй болгосон эрхэм багш нартаа, амьдралын маань утга учир байсан
хөл бөмбөгтөө талархах өдөр юм. Би 1999 оны 6-р сард анх удаа сургуулийнхаа
хөл бөмбөгийн тэмцээнд орсноос эхлээд “хөлбөмбөг” гэдэг гайхалтай сайхан
спортод шунан дурлаж, тасралтгүй хичээллэн, өнөөдрийг хүртэл нийт 22 жилийн
турш хожил бүхэнд баярлаж, хожигдол бүрээсээ суралцаж, спортын бэрхшээл, жаргал
зовлонг туулжээ. Олон сайхан анд нөхөдтэй болж, олон улс оронд очиж, бас “Катар-2022”
ДАШТ-ний бүх дэлхийн анхны гоолыг оруулснаараа ОУХБХ /ФИФА/-ны
Ерөнхийлөгчөөс “Катар-2022” ДАШТ-ний аваргын тоглолт үзэх урилга авсан зэрэг
гайхалтай дурсамжтай сайхан мөчүүдийг мэдэрч өнгөрүүллээ “ хэмээн олон
нийтийн сүлжээнд бичжээ.
Тэрбээр, 2000 оноос өсвөр, залуучуудын
улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож эхэлсэн бөгөөд МХБХ-ны Дээд лигийн 2
удаагийн аварга, МХБХ-ны Цомын 3 удаагийн аварга, мөн 3 удаа лигийн шилдэг
тоглогч болжээ.
Анх 2005 оноос Монгол Улсынхаа өсвөр үе,
залуучууд нэрийн өмнөөс тоглож, анх 2009 онд шигшээ багтаа дуудагдаж 34 удаа
олон улсын албан ёсны тоглолтод оролцож 7 гоол оруулжээ. 2018 онд Монголын
шигшээ баг анх удаа Зүүн Азийн АШТ-д хэсгээсээ шалгарч, уг тэмцээний “Үнэ
цэнтэй тоглогч”-ийн шагнал хүртэж, 2020 онд хөл бөмбөгийн спортоор ОУХМ цол
авчээ. Монголд футзалын спорт хөгжиж эхлэсэн 2015 онд футзалын шигшээ багийн
бүрэлдэхүүнд олон улсын албан ёсны 5 тоглолтод оролцож 6 гоол оруулжээ.