Гурван хувийн хүүтэй зээлд Өвөрхангай аймгаас 631 хүн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр нар өнгөрөгч амралтын өдөр Арвайхээр хотод ажиллаж, худалдаа, бизнес эрхлэгчид, банк санхүүгийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа.
Энэ үеэр эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд бизнесийн үйл ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалах зорилгоор 3 их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Өвөрхангай аймгаас 631 зээлдэгч буюу 48 аж ахуйн нэгж, 583 иргэн нийт 30.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, улсын хэмжээнд 2 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Аймаг, орон нутгийн удирдлагууд, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч тус хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж өгнө хэмээн сангийн сайд Б.Жавхлан уулзалтын үеэр хэллээ.