Ц.Ганболд: Аймгийн хэмжээнд 75882 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг ирэх
зургадугаар сард улс даяар зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан төлөвлөгөөт ажлаа хэрхэн
зохион байгуулж буй талаар аймгийн Сонгуулийн хорооны дарга Ц.Ганболдоос
тодрууллаа.
-Өвөрхангай аймагт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах бэлтгэл ажил хэр хангагдаж байна, Сонгуулийн хороонд хэчнээн хүн ажиллаж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд
заасны дагуу аймгийн Сонгуулийн хороог 9 хүнтэй, Арвайхээр сумын Сонгуулийн
хороог 7, бусад сумын Сонгуулийн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийт
97 төрийн албан хаагч томилогдон ажиллаж байна.
Мөн аймгийн хэмжээнд 110 хэсгийн хороонд 954 албан хаагч
ажиллаж байгаа. Хуульд зааснаар Хэсгийн хороог 7-9 хүний бүрэлдэхүүнтэй
байгуулах ёстой. Энэ дагуу сумдын хүн ам, сонгогчдын тооноос хамаараад
харилцан адилгүй бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Хэсэг бүрт мэдээлэл технологийн даамал, улсын бүртгэлийн
итгэмжлэгдсэн ажилтан, аюулгүй байдал, хамгаалалтыг хариуцсан цагдаа ажиллана.
Энэ бүгд нийлээд, аймгийн хэмжээнд 1500 гаруй төрийн албан хаагч Ерөнхийлөгчийн
сонгуулийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна.
Аймгийн Сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүдэд сонгуулийн
хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллахад анхаарах асуудлаар хоёр
удаагийн цахим сургалтыг зохион байгууллаа. Мөн мэдээлэл технологийн даамлуудад нэг удаагийн цахим сургалтыг
хийсэн ба санал тоолох төхөөрөмжийг ажилллуулах дадлага, сургалтыг газар дээр
нь олгохоор гурван ажлын хэсэг томилогдон бүх суманд ажиллаж эхлээд байна.
Коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан
сумын сонгуулийн хороо, хэсгийн хороо, мэдээлэл технологийн даамлын нөөцийг
бүрдүүлэх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороотой хамтран сургалтуудыг зохион
байгуулсан.
-Энэ удаагийн сонгуулиар аймагт хэдэн хүн санал өгөх вэ? Эмчлүүлж байгаа болон тусгаарлагдаж байгаа иргэдийн саналыг яаж авах вэ?
Аймгийн хэмжээнд 110 хэсэгт 75882 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн.
Халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд болон тэдний ойрын хавьтлууд, тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа иргэдийн саналыг 6 дугаар сарын 8-ны өдөр зөөврийн хайрцгаар авахыг Засгийн газрын 152 дугаар тогтоолоор баталсан журамд тусгасан.
Зөөврийн хайрцгаар санал
авахтай холбогдуулаад эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байрны удирдлагуудтай
хамтран халдвар, хамгааллын дэглэмийг баримтлах, мөн сонгогчийн саналаа нууцаар өгөх нөхцөлийг
бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн эрүүл мэндийн бусад шалтгаантай, санал өгөх байранд
өөрийн биеэр очиж чадахгүй иргэд, Зөрчлийн тухай хуулиар болон Эрүүгийн хуулиар
тусгаарлагдсан хүмүүс, Дайчилгааны хуульд заасны дагуу цэргийн албанд татагдсан
хүмүүсээс 6 дугаар сарын 8-ны өдөр зөөврийн хайрцгаар санал авна.
-Санал өгөх үед халдварт өвчлөл тархахгүй байх нөхцөлийг
хэр бүрдүүлж байгаа бол?
-Энэ удаагийн сонгууль урьд өмнөх сонгуулиудаас онцлог
нөхцөлд болж байна. 2020 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн үед хэдийгээр
халдвар, хамгааллын дэглэмийг баримталж байсан ч халдварыг дотооддоо алдаагүй
байсан үе. Одоо бол бүх аймгийн хэмжээнд халдварын тархалт дэгдсэн учраас хүн
хоорондын зай барих, ариун цэврийг сахих дэглэмийг маш сайн мөрдүүлэх
шаардлагатай байгаа.
Засгийн газрын 152 дугаар тогтоолоор
сонгуулийн сурталчилгаа, санал авах байр, нэр дэвшигчдийн ухуулах байранд
халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах чиглэлээр журам гарсан. Уг журмыг
хэрэгжүүлж ажиллах талаар намын байгууллагуудад чиглэл өгч, мэргэжлийн байгууллагуудтай
хамтран ажиллаж байна.
Сонгуулийн өдөр санал өгөх сонгогчдыг халдвар, хамгааллын
хэрэгслээр хангах ажлыг УОК-оос шийдвэрлэж, аймгуудад хамгаалах хэрэгслийг
хуваарилсан. Энэ хүрээнд саналаа өгөхөөр ирсэн сонгогч бүрийг гараа ариутгаж, амны
хаалтыг сольж зүүх, нэг удаагийн бээлий өмсөж саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж
байна.
-Нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил эхэлсэн байна. Өвөрхангай
аймагт хэзээ ирж ажиллах вэ?
-Хуулийн дагуу УИХ-д суудалтай намууд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх
эрхтэй байдаг. Энэ хүрээнд гурван намаас нэр дэвшигчээ тодруулан СЕХ-д бүртгүүлж,
холбогдох материалаа хянуулаад сурталчилгааны ажлаа эхлүүлсэн.
Одоогоор “Зөв
хүн электрот” намаас нэр дэвшигч Д.Энхбат 5 дугаар сарын 29-нд иргэдтэй уулзалт
хийх хүсэлтийг ирүүлсний дагуу Арвайхээр сумын ЗДТГ-т уулзалтын бэлтгэл ажлыг
хангах чиглэл хүргүүлсэн. Бусад нэр дэвшигчид хэзээ ирж ажиллах нь тодорххойгүй
байна. Нэр дэвшигчид ард иргэдтэй уулзалт хийх үеэр хүн хоорондын зайг 1.5
метрэээр бариулах, халууныг үзэж, гарыг ариутгах, амны хаалт зүүлгэх, хэрвээ
танхимд хийхээр бол өрөө, танхимыг агааржуулах чиглэл өгч байгаа.
-Нэр
дэвшигчдийн сонгуулийн ажлыг хариуцсан баг орон нутагт ажиллах уу?
-Нэр
дэвшигч бүр нэг ерөнхий менежертэй байна. Тэдгээрт Сонгуулийн ерөнхий
хорооноос үнэмлэх олгоно. Мөн аймгийн төв болон сумдыг хариуцсан нэг менежертэй
байна. Өвөрхангай аймагт нэг нэр дэвшигч 20 менежерийг ажиллуулж болно гэсэн
үг. Баг тус бүрт нэг шадар туслагч буюу аймгийн хэмжээнд дээд тал нь 111 шадар туслахыг
ажиллуулж болно.
Мөн аймгийн хэмжээнд намын сонгуулийн байгууллагын ажилтнаар
50 хүртэл хүнийг ажиллуулж болно. Нэр дэвшигчид маань эдгээр ажиллах хүчний
нэрсийг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлснээр үнэмлэхийг олгон сурталчилгааны
ажлаа эхлүүлсэн байгаа. Түүнчлэн нэг нам 150 хүртэл тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл
авч болно. Сонгуулийн
сурталчилгаанд ажиллах албан хаагч тээврийн хэрэгсэлд аймгийн Сонгуулийн
хорооноос зөвшөөрөл авах ёстой.
-Сонгогчдод
хандан хэлэх зүйл бий юу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа улсын хэмжээнд 5
дугаар сарын 24-ний өдөр эхэлж, 6 дугаар сарын 7-ны шөнийн 23:59 минутад
хаагдана. Сонгогчид 6 дугаар сарын 9-ний өдөр харъяа цэг дээр ирж санал өгөхдөө
гурван нэр дэвшигчээс зөвхөн нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг тэмдэглэнэ. Урьд урьдын сонгуулиас нэг онцлог зүйл гэвэл санал өгөх хуудсанд нэр дэвшигчдийн зургийг,
овог нэрийн хамт тавьсан байгаа. Бичиг үсэг муу мэддэг бол өөрийн дэмжиж байгаа
нэр дэвшигчээ зургаар нь таниад дугуйлах боломжийг бүрдүүлж өгсөн.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.