Путин, Лукашенко нарын хэлэлцээ таван цаг үргэлжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-29 11:48:05

СОЧИ. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенка нар пүрэв гарагт Сочи хотод уулзлаа.


Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Минск хотод ТУХН-ийн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцогчидтой уулзсаныхаа дараа Сочи хотод үдээс хойш хүрэлцэн очжээ.


Хоёр улсын Ерөнхийлөгч нарын уулзалт таван цаг гаруй үргэлжилсэн байна.


Путин, Лукашенко нар эдийн засгийн асуудлууд, хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар, мөн тавдугаар сарын 23-нд бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу Минскт ослын буулт хийсэн “Ryanair” компанийн нисэх онгоцтой холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Тухайн үед уг нисэх онгоцоор зорчиж явсан, олон нийтийн цахим сүлжээ “Telegram”-ийн NEXTA сувгийг үүсгэн байгуулагч Роман Протасевичийг баривчилсан юм.


Эдгээр үйл явдлын дараа барууны орнуудын гаргаж буй үйлдэл 2020 оны наймдугаар сард болж байсантай адил Беларусийн байдлыг тогтворгүй болгох оролдлогыг харуулж байна гэж Лукашеко хэлжээ.


“Ryanair” компанийн нисэх онгоцтой холбоотой үйл явдлын дараа Европын Холбоо Минскийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авахыг уриалж, Беларусийн эрх баригчдыг нисэх онгоцыг зохиомол шалтгаанаар албадан буулгасан гэж буруутгажээ. Беларусийн тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нисэх багийн ахлагч буух шийдвэрийг өөрөө гаргасан гэж мэдэгдэж байгаа юм.


Путин хариуд нь 2013 онд Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесийн онгоц АНУ-д төрийн нууц задруулсан хэрэгт буруутгагдаж байгаа ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден байгаа гэх цуурхлын улмаас Венад газардаж байсныг сануулсан байна.


Үүний гадна, Оросын удирдагч хоёр улсын худалдаа 18.4 хувиар өссөнийг онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, энэ өсөлтийг хадгалах нь маш чухал юм. 2021 онд хоёр улсын худалдааны эргэлт коронавирусний цар тахлын өмнөх үзүүлэлтүүдээс давна гэж Лукашенко үзэж байна.


Путин мөн Беларусийн атомын цахилгаан станцын нэгдүгээр блокийг зургаадугаар сард ашиглалтад оруулах гэж буйг онцолжээ. Тэрбээр энэ үйл явдлыг  Москва, Минскийн хамтын ажиллагааны сайн жишээгээр нэрлээд бусад салбарт ч мөн нааштай дохио байгааг тэмдэглэв.


Беларусийн атомын цахилгаан станц нь ОХУ, Беларусийн хамтран хэрэгжүүлж буй эдийн засгийн томоохон төсөл юм. Станцын нэгдүгээр блокийн барилгын ажил 2020 оны 11 дүгээр сард эхэлжээ.


 


相关新闻