Цэргийн албан хаагчдыг төрийн одон медалиар шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ
онд Өвөрхангай
аймагт олон тэгш ой давхцан тохиож буйн нэг нь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 100 жилийн ой юм.
Тэртээ 1921 онд Зүүн хязгаарын 5 дугаар морьт
бригад нэртэйгээр анх байгуулагдсан тус анги 1939 оны Халхын голын дайн, 1945
оны Чөлөөлөх дайн, 1960-1980 оны их бүтээн байгуулалт, 2005 оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд офицер, ахлагч, цэрэг дайчдаа илгээж, олон
зуун аавын хүүг эх оронч хүмүүжлээр төлөвшүүлсэн бахархам түүхтэй аж.
Тус ангийн түүхт ойг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм мэдлэг, хөдөлмөр
зүтгэлээ зориулсан нэр
бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагнан урамшууллаа. Шагнал гардуулах үеэр аймгийн
Засаг дарга А.Ишдорж “Сүүлийн хоёр жилд цар тахлын хэмжээнд нүүрлэсэн аюулт
халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх нөр их ажилд томоохон хүч болон оролцож,
аймгийн нийт иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалсанд гүн талархал
илэрхийлье” гэв.



