БНХАУ, БНАСАУ уламжлалт найрамдлын харилцаагаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-05-28 18:10:13

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ, БНАСАУ уламжлалт найрамдлын харилцаагаа бэхжүүлж, хоёр талын харилцааг хөгжүүлнэ гэж хоёр орны төлөөлөгчид мэдээлэв.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, БНАСАУ-аас БНХАУ-д суух шинэ Элчин сайд Ри Рён Нам нар пүрэв гарагт Бээжин хотноо уулзжээ.


Ван И шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, БНХАУ хоёр орны удирдагчдын зөвшилцлийг хэрэгжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулахад БНАСАУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


“Манай улс БНАСАУ-тай өндөр түвшний стратегийн харилцаа холбоогоо хадгалж, олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцын гэрээ байгуулсны 60 жилийн ойг тохиолдуулан хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулахад бэлэн байна” гэж Ван И хэлэв.


Мөн БНХАУ эдийн засгаа хөгжүүлж, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхэд нь БНАСАУ-ыг тууштай дэмжиж байгаа бөгөөд цаашид хүчин чадлынхаа хэрээр үргэлжлүүлэн тусламж үзүүлэх хүсэлтэй байгааг нэмж хэлжээ.


Үүний хариуд Ри Рён Нам, БНХАУ-ын социалист үйл хэргийн агуу ололт амжилтуудыг сайшаагаад, БНАСАУ социализмын үйл хэргийг хамтран гүнзгийрүүлж, хоёр талын үр өгөөжтэй хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд БНХАУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна.


Мөн талууд Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцож, энэ чиглэлд уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. 

相关新闻