С.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай Москвад хэлэлцээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зургаадугаар сарын 1-нд Москва хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээлжээ.
“Зургаадугаар сарын 1-нд Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад ажлын айчлал хийх Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай хоёр талын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх өндөр, дээд түвшний хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй хэлэлцэнэ” гэж тэрбээр мэдээлсэн байна.
Захаровагийн тодруулснаар, талууд "худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, хүмүүнлэгийн салбар дахь" хамтын ажиллагааны бүх асуудлыг, түүнчлэн "олон улсын тавцанд болон бүс нутгийн үйл хэрэгт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" талаар хэлэлцэнэ.
Б.Батцэцэг, С.Лавров нар өнгөрөгч хоёрдугаар сарын 4-нд утсаар ярихдаа Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ОХУ-ын нийслэл хотод хийх айлчлалын талаар зарчмын тохиролцоонд хүрч, 2021 оны 11 дүгээр сарын 5-нд тэмдэглэх ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хамтарсан арга хэмжээг эхлүүлсэн билээ.
“Айлчлалын хүрээнд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулах ёслолын ажиллагаа болно. Манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан их хувь нэмрийг нь үнэлэн түүнийг энэхүү одонгоор энэ оны гуравдугаар сард шагнасан” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч нэмж хэлжээ.