Аймгийн хэмжээнд 22 хувь буюу 8257 иргэн вакцины бүрэн тунгаа хийлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт иргэдийн 86 хувь нь эхний тун, 22 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн тухай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Энэ өдрүүдэд МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоогоор ахлуулсан баг Говь-Алтай аймагт ажилласан байна. Тавдугаар сарын 25-ны байдлаар коронавируст халдварын 279 тохиолдол батлагдаад байгаа юм. Аймгийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдах 37.536 иргэнээс 22 хувь нь буюу 8.257 иргэн бүрэн тунгаа хийлгээд байна. Тиймээс дархлаажуулалтын эхний тунгаа хийлгээд 21 хоносон иргэд хоёр дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Шалгалтын баг Есөнбулаг сумын дархлаажуулалтын 4, шинжилгээний 1 цэг болон аймгийн Эрүүл мэндийн газар, тус газрын вакцин, био бэлдмэлийн агуулахыг хамруулан хяналт шалгалт хийн үнэлгээ, дүгнэлт өгч мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.