Л.Гантөмөр Монгол Улсын хүний гавьяат эмч цол, тэмдгээр шагнууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн зөвлөх эмч Л.Гантөмөр Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор шагнууллаа.
Шагналыг тавдугаар сарын 23-нд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар холбогдох албаны төлөөллийн хамт гардуулав.
Лхамжавын Гантөмөр нь 1966 онд Алтай хотод төрж, 1984 онд Есөнбулаг сумын хоёрдугаар арван жилийн дунд сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод Анагаахын ухааны дээд сургуульд суралцаж төгссөн юм.
-"Миний эмч болсон түүх их сонин. 1986 онд том ах маань авто ослоор харамсалтайгаар амиа алдсан. Тухайн үед том ахыг маань Дэлгэр сумаас голио ногоон онгоцоор тээвэрлэж, Улаанбаатар хотоос гэмтлийн эмч ирж хагалгаа хийсэн ч тусыг олоогүй гэдэг. Ослын нөхцөл байдал, ахыгаа ээжтэйгээ хамт ямар хүнд хэцүү байдалд байгааг нүдээрээ хараад эргэлт буцалтгүй Гэмтлийн эмч болохоор шийдсэн" хэмээн хуучилсан юм.
Тэрээр 1990 онд сургуулиа төгсөөд өөрийн хүсэлтээр Бугат суманд их эмчээр ажилласан байна. Удалгүй Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуульд багшаар уригдан ажиллаж байгаад 1996 онд өөрийн хүсэлтээр нутагтаа ирж ажиллажээ. Түүнээс хойш одоог хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн зөвлөх эмчээр ажиллаж байна.